Т.Мөнхтунгалаг: "Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнэд цагдан хорих арга хэмжээ авсан
Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10-р сарын 10-ны өдөр “Шинэ эхлэл” дунд сургуулийн захирал Л.Эрдэнийг саатуулжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа юм байна. Тодруулбал, захирлыг сургуульдаа хүүхэд оруулах нэрийдлээр авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилжээ.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулахад ""Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнэд 2018.10.10-ны өдөр АТГ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа. Хэргийг одоогоор шалгаж байгаа учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэв.