Сэтгэцийн өвчнөөр жилд 13.5 сая хүн нас бардаг
Хэрэв сэтгэц, мэдрэлийн өвчнийг эмчилж чадвал жил бүр 13.5 сая хүний амь насыг аврах боломжтой
Дэлхийн банкнаас 2030 он гэхэд улс орон бүр айдас, дарамт, хүчирхийлэл зэргээс үүдсэн сэтгэцийн өвчинтэй нүүр тулах ба түүнтэй тэмцэхийн тулд дэлхийн эдийн засагт 16 их наяд ам.долларын алдагдал учирна гэсэн тооцоог гаргажээ.
Тэгвэл Лансэт(The Lancet) сэтгүүлээс 28 мэргэжилтнийг цуглуулж, дэлхийн дахинд тулгамдаад буй сэтгэцийн эмгэгийн талаар уулзалт зохион байгуулжээ. Эрүүл мэнд, шинжлэх ухааны Лансэт сэтгүүлийн комиссын гишүүд энэхүү сэтгэцийн эрүүл мэндийн өвчлөл хаа сайгүй өсөн нэмэгдэж байгааг онцлон, түүний шалтгааныг тогтоох болон эмчлэх боломж байгаа гэдгийг мэдэгдсэн байна.
Зарим улс орнуудад сэтгэцийн өвчтэй болон гудамжны хүмүүсийн эрхийг зөрчин, дарамтлах, доромжлох тохиолдол гардаг. Үүгээр зогсохгүй тэднийг шорон эсвэл сэтгэцийн эмнэлэгт хорьж, эрх зүйн хамгаалалтаас ангид байлгадаг гэнэ.
Харвардын Анагаахын Сургуулийн профессор Викрам Пател “Хүний сэтгэлийн зовлон, шаналлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл нь олон тооны үхлийн шалтгааныг бий болгодог. Энэ нь өөр ямар ч шалтгаанаас илүү, дэлхий дахины зуурдын үхлийн гол шалтгаан болж байна” гэж хэлжээ.
Түүхэнд дэлхий дахины эрүүл мэндийн тулгамдсан асуудлын дийлэнх нь үхэлд хүргэх аюултай өвчнүүд байсаар иржээ. Гэвч ихэнх улс орны иргэд энэ тал дээр тусламж хүсдэггүй байна. Жишээ нь, дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь оршин суудаг Энэтхэг, Хятад зэрэг орны иргэдийн дунд хийсэн судалгаагаар ямар нэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийн 80 хувь нь эмчилгээ хийлгэхийг хүсдэггүй аж.
Мөн шизофрени, суралцах бэрхшээл гэх зэрэг төрөл бүрийн эмгэгтэй хүмүүст хүний эрхийн зөрчил хамгийн их тохиолддог байна. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай мянга мянган хүнийг гэрт нь эсвэл сүм хийд, уламжлалт эмчилгээний газар зэрэгт хорьдог байна.
Хэрвээ тэднийг зөнгөөр нь орхиж, анхаарал тавихаа больчихвол өвчин нь хүндэрч баривчлах, шоронд хорихоос аргагүйд хүрээд зогсохгүй, цаашлаад үхлийн аюултай байдаг гэнэ.
Үүний нэг эмгэнэлт жишээ нь, 2016 онд Хойд Африкийн Гаутэн гэх эрүүл мэндийн төвд 2000 ширхэг ор байрлуулах санхүүжилтийг зогсоож, сэтгэцийн өвчтэй хүмүүсийг тохиромжгүй орчин, нөхцөлтэй байранд оруулснаар 140 гаруй хүн нас баржээ.
Тиймээс тус комисс сэтгэцийн эрүүл мэндийн болон бие бялдрын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэнцвэржүүлэх, мөн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатны тусламжийн нэг болгон, хүмүүсийг тогтмол хамруулахыг санал болгож байгаа аж.