Лас-Вегаст болсон “UFC 229” тулааны үеэр Коннор Макгрегорын дасгалжуулагч руу дайрсан учир Хабиб Нурмагомедовыг 250 мянган ам.доллароор торгох хувилбарыг Невада мужийн спортын хороо ярилцаж байгаа гэж "UFC" холбооны ерөнхийлөгч Дана Уайт өнгөрсөн мягмар гарагт мэдэгдлээ. Үүнээс гадна Хабибын тэмцээнд оролцох эрхийг нь 4-6 сарын хугацаагаар хасаж магадгүй аж. Дээд түвшний тулаанчид хагас жилд нэг удаа дэвжээнд гардаг учир энэ нь тийм ч айхтар шийтгэл биш байж болох юм. Хамгийн гол нь Дана Уайтын өгүүлснээр Хабиб Нурмагомедов "UFC" холбооны аваргын бүсээ хадгалж үлдэх бөгөөд ийм хэрэг өдүүлснийхээ төлөө тус холбооноос хасагдахгүй гэнэ. Тэр байтугай "UFC" Орос тамирчны чансааг наймаас хоёрдугаар байр хүртэл ахиулсан байна.
“UFC 229” тэмцээний дараа олон хүнийг хамарсан зодоонтой холбоотой шийдвэрийг тус мужийн спортын хороо дүрэм ёсоор 4-8 долоо хоногийн дараа бус, харин ойрын 48 цагийн хугацаанд яаралтай гаргах ажээ. Энэ нь тулааны хоёр гол оролцогч гэм буруутайд тооцогдож буйгаас шалтгаалж байгаа аж. Хабиб Нурмагомедовоос гадна Коннор Макгрегорыг ч таагүй явдал хүлээж байж болзошгүй. Магадгүй тулааныг огт болоогүйд тооцох ч хувилбар дуулдаж байгаа. Ингэсэн тохиолдолд Хабиб аварга цолоо хадгалж үлдэх боловч шагналын хоёр сая доллароо хүртэхгүй, Конор ч гурван сая доллар авахгүй. Хабиб, Конорын дуулиант тулааны талаарх яриа одоо болтол олны анхаарлыг татсан хэвээр байгаа ч хоёр талын зарим төлөөлөл байр сууриа зөөлрүүлжээ. Тухайлбал, Данистай цуг танхимд байсан Коннор Макгрегорын дасгалжуулагч Кавана, Невада мужийн тамирчны хорооныхон орос тулаанчид энэрэнгүй хандаж, эрхийг нь хасахгүй гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Харин Хабибын аав, дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов хүүгээ Лас-Вегасаас ирэнгүүт нь хатуу шийтгэнэ гэж хэлсэн үгнээсээ буцсан болохоо, мөн гэр бүлийнх нь талаар элдэв доромж үг хэлсэн Конорт муу санахгүй гэдгээ мэдэгдсэн аж. Тэрбээр инстаграмдаа “Би Макгрегорыг өршөөж байна, өнгөрсөн зүйл өнгөрсөндөө үлдэг. Болсон бүхэнд үнэлэлт, дүгнэлт өгч өнгөрснөөсөө суралцах хэрэгтэй. Аксакал болон ухаант өвгөдтэйгөө ярилцсаны эцэст дараагийн өндөрлөг өөд тэмүүлэхээр шийдсэн” гэж бичив.