Н.Баяртсайханыг ажлаа муу хийж байна гэсэн дүгнэлтийг МАН-ынхан ч хийх болжээ
Америк долларын төгрөгтэй харьцах ханш 2570 төгрөгт хүрч, улмаар өргөн хэрэглээний барааны үнэ өсч буйтай холбоотойгоор төгрөгийн тогтвортой байдлыг хангах чиг үүрэг бүхий Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах асуудал УИХ-ын нэр бүхий гишүүдийн дунд яригдаж эхэлсэн тухай бид өчигдөр мэдээлсэн билээ. Хамгийн гол нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй Монголбанк төгрөгийн ханшийн уналтын эсрэг ямар ч арга хэмжээ авахгүй, ам.долларын өсөлтийг улирлын шинжтэй, богино хугацааны үзэгдэл хэмээн тайлбарлан, цаг үрж буйг улс төрчид, бизнесийн салбарынхан, мэргэжилтнүүд шүүмжилж буй юм.
Тэр бүү хэл Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан :“Төгрөгийн ханш ам.долларын эсрэг он гарснаас хойш 3.9 хувиар суларсан нь бусад улсуудтай харьцуулахад тогтвортой үзүүлэлт” хэмээн мэдэгдсэн нь төгрөгийн ханшийн уналтын эсрэг бодитой үйлдэл хийх сэдэл, сэтгэл аль аль нь түүнд байхгүй байгааг харуулж буй мэт.
Ерөөс Н.Баяртсайхан нь банкны мэргэжлийн хүн биш бөгөөд УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа ажилласан, нам дагасан "хуучны" улс төрчдийн л нэг билээ.
Иймээс ч төгрөгийн ханшийг түүхэнд байгаагүй түвшинд хүртэл унагасан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг цаашид ажиллах чадваргүй нь тодорхой болсон гэж үзэн, огцруулах саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргахаар ярилцаж эхэлсэн байна. Сонирхолтой нь уг саналыг өргөн барих гэж буй УИХ-ын гишүүд дунд МАН-ын улс төрч ч байгаа гэнэ. Учир нь ажлаа муу хийж байгаа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах нь улс төр, намаас ангид зарчмын зүйл гэж УИХ-ын нэр бүхий гишүүд үзэж буй бололтой.