О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй
Европын Монгол туургатан болох Халимагийн ард түмний төлөөлөл болсон, нэрт туульч О.ЦАГААНЗАМЫГ Улаанбаатар хотод саатаад буцахад нь уулзлаа. "Жангар" тууль, "Ээж минь" дуугаараа Монголчуудын эчнээ танил болсон түүнтэй туулийн ид шид, Халимагийн ард түмний зовлон жаргалын талаар ярилцсанаа хүргэж байна.
-Намрын налгар өдөр Монгол нутагт ямар хэрэг зоригоор ирэв?
-Элэг нэгт Монгол ахан дүүстээ намрын адаг сарын мэндийг дэвшүүлье. БНХАУ-ын Хөхнуурт уран бүтээлийн ажлаар очоод буцах замдаа Монголдоо түр дөрөө мултлаад буцах гэж байна. Ийнхүү ирээд буцахдаа Кюкүшюзан Д.Батбаярын хамт Бурхан Халдун уулын бэлд очин "Жангар" туулиа хайллаа. Бурхан Халдун гэдэг нь баруун монгол буюу Жангарын хэлээр бурхантай залгаатай гэсэн утгыг илэрхийлдэг. Ойрдууд "Битээ хальд" гэж ярьдаг. Энэ нь "бүү хүр" гэсэн санааг илтгэдэг. Хальд гэдэг эртний үг нь Халдун хэмээх үгийн үндэс. Сансар огторгуйгаас нэг зүйл бууж ирдэг, түүнээс хүн эрч хүч, мэдээлэл авдаг. Чингис хаан жирийн нүүдэлчин, малчин, тийм цөөн ард түмэн дотроос ялгаран гарч дэлхийн талыг эзэлсэн гарамгай удирдагч. Түүнд заяасан энэ их хүч чадал, холч ухааныг дэлхийн олон судлаач судалж, нууцыг нь тайлаагүй л байна. Чингис хаан Бурхан Халдун уулнаа очин дээд тэнгэрийн санааг сонсдог байсан тухай мэдээ баримт "Нууц товчоо"-нд бий. Энэ нь сансраас, харь гарагаас мэдээлэл авч байсан хэрэг юм. Чингис хаан хөвгүүн ахуйдаа мэргэдүүдээс нуугдан амь гарч тахиж шүтэж байсан Бурхан Халдун уулын зулайд очиж их овоонд нь сан тавьж, залбирсандаа их олзуурхан баярладаг.
-Тууль хэмээх язгуур урлагийн төрөл ямар ид шидтэй болоод хэдэн мянганыг дамнан бөх оршиж байна вэ?
-Тууль бол арга чадал, омог. Зөв сэтгэл, бодолтой хүн л хайлдаг жамтай. Орчин үеийн боловсролын тогтолцоо бүрэлдэн бий болоогүй эрт цагт сайхан, муухайг ялган заадаг сургууль нь тууль байж. Туульд Бумбын орон гэж гардаг. Бумбын орон гэж юу вэ, ард түмнийг яаж нэгтгэх тухай туульд тод өгүүлсэн байдаг. Чингис хаан зөв санаа сэтгэлийг хурааж, түүгээр дэлхийн талыг эзэлсэн. “Биеийн бөхөөр арав, сэтгэлийн бөхөөр зуун хүнийг ялна" гэсэн суут хааны сургаалын учгийг тайлах хэрэгтэй. Монголчууд туульдаа оюун бодпоо шингээж хэдэн мянган дамнан амьдарсан ард түмэн. Тиймээс тууль оршсон газар монгол ахуй соёл мөхдөггүй. Тайлж, ухаарч чадвал туульд ертөнцийн гүн ухаан бий. Туулийг ардын дуутай адилтгаж болохгүй. Бидний өвөг дээдэс дайсандаа, сэтгэл муутанд тууль хайлж болохгүй гэж сургасан. Тэгэхээр түүхээ судалж, бүхнийг сэргээж, ухаанд нь хүргэх нь чухал. Ялангуяа Чингис Богдын сургаалаа эргэж харах цаг болжээ.
-Таныг барилгын инженер мэргэжилтэй гэж сонссон. Мэргэжлээ эрс өөрчилж туульч болоход тань юу нөлөөлсөн бэ?
-Москвад барилгын инженерийн мэргэжил эзэмшсэн. Цөмийн цахилгаан станцад мэргэжлээрээ 30 нас хүртлээ ажилласан. Социалист нийгэмд амьдарч байсан би комсмолийн гишүүн гээд ардын ёс заншлаасаа хол хөндий байлаа. Миний зүүд их зөнтэй. "Жангар" тууль хайлахыг би зүүдэндээ сонссон юм. Үүнтэй зэрэгцэн Халимагт "Жангар" туулийн талаар эрдэм шинжилгээний том хурал болсон. Нөгөөтэйгүүр, тухайн үед манайд туульч үлдсэн бил үү, үгүй бил үү гэсэн давалгаа үүсээд байлаа. Тэр давалгаанд би туульч болсон. Бас тэр үед би "Жангар" тууль хайлж зүүдэлснээ мартдаггүй. Би 16 настайгаас тууль хайлах ёстой, атал завсарт нь "төөрөлдсөөр" 33 наснаасаа туультай золгосон доо. Нийгэм ч тэгж таарсан биз.
-Баруун Монголын туульчид товшуур хөгжим, хайлдаг туулиа өв уламжлан авч явдаг. Халимагт мөн адил уу?
-Би Чингисийн өвөг дээдсийн нэг Дува сохорын хүү Догшины удам Баатуд овгийн хүн.
Баатуд овгийг 700 тэнгэртэй гэдэг. Миний аавын талынхан тууль хайлдаг байсныг би өвлөн авсан юм. Уг нь манай удамд Ээлэйн Овлаа гэж “Жангар" туулийг аялгуулан хэлдэг алдартай туульч байсан гэдэг. Тэр хүн шиг алдартай туульч болох юмсан гэж мөрөөдөн бие дааж оролдсоор "Жангар" туулийг аялгуулан хэлдэг болсон. Жангар" бол маш том тууль. Түүнийг бүрэн мэддэг хүн байхгүй. Бүтнээр нь хайлъя гэвэл хагас сарын ажил болно. Энэ туулийг бүлэг бүлгээр нь цувуулж хайлна. Манай халимагууд тууль аялгуулан хэлдэг хүнийг Жангарч, Монголчууд туульч гэдэг. Баруун монгол, халимаг бол угтаа Дува сохорын дөрвөн хүүгээс улбаалсан Ойрд түмэн. Бидний хэл, ахуй соёл маргашгүй нэг. Тиймээс товшуур, тууль хоёроо уламжлан өвлүүлдэг. Гэхдээ туульчид удмынхаа хөвгүүдээс нүдэндээ зальтай, нүүрэндээ галтайг нь шигшиж сонгодог. Зальтай гэдэг үгийг одоогийн монголчууд овжин, хүн хулхиддаг гэж ойлгодог. Заль гэдэг чинь уугуул монгол хэлээр гал гэсэн үг шүү дээ.
-Туулын хэллэгт өнөөгийн бидний мартсан, хэрэглэхээ больсон үг тохиолдох нь элбэг. Тэгэхээр туулийн хэл гэх агуу өвийн судалгаа дутагдалтай байх шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурхан шашнаас өмнө бий болсон. Тиймээс домог зүйн болон уран сайхны сэтгэлгээг хадгалсан, үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын бүх төрлийг багтааснаараа онцлогтой. Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэгтэй. Өнөөгийн баруун монголчууд эртний буюу туулийн хэлээ маш сайн хадгалсан. Өөрөөр хэлбэл, туулийн хэллэг баруун Монголын үгийн санд бий. Тууль бол зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн уран чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн шинжтэй цогц үзэгдэл юм. Туульч бол бурхны илгээсэн хүн. Тэнгэрийн ёсыг газарт дэлгэрүүлэгч гэж хэлж болно. Эрт цагт бөө, оточ, туульч гурвыг тахин шүтэж бдйсан. Эдгээр эрдэм чадалт гурван. хүний оргилд нь туульчид байсан юм шүү.
-Та бол нэртэй жангарч. Энэ агуу туульд өнөөгийн бидэнд хэрэгтэй захиас, бадаг олон байдаг биз. Онцолж хэдийг дурдвал?
-Би "Жангар" туулиар дамжуулж, монгол угсаатнаа агуу болгохыг хүсдэг. "Жангар" бол үзэл суртал юм. Бүгдээрээ сайн сайхан байх билэг сургаал, эхлэл энэ туульд оршиж байна. Бас нэг мундаг зүйл бол хөөмэй, хархираа. Би 30 гаруй настайдаа хөөмэйч, хархираачдыг нийлүүлж дэлхийд байхгүй баг болж явсан. Хөөмэй, хархираа бол эртний ан амьтны дуу авиа. Дэлхийг сэрээх дууч гэж хэлж болно. Энэ язгуур урлаг л Монголыг дэлхийд гайхуулж байна даа. Гагцхүү эрх баригчид, Засгийн газраас уран бүтээлчдээ дэмжих хэрэгтэй. БНХАУ гэхэд соёл, түүхэнд их ач холбогдол өгч байна. Соёл байсан газартаа, байрандаа байх ёстой. Одоо Чингис хаан судлалыг БНХАУ төрийн бодлогоор хөгжүүлж байна. Тэд коммунист намтай болохоор бурханчилж тахиж шүтэж чадахгүй байх. Гэхдээ Монголчууд Чингис хаанаа бурханчлан тахиж, шүтэх учиртай. Яагаад болохгүй гэж. Будда ч гэсэн бие хүн байсан биз дээ. Тууль бол сургаал гэж би дээр хэлсэн. Жангар өөрөөсөө хэтийдсэн чадалтай, их ухаантай баатар эрсийг нөхрөө болгосон байдаг. Хожим Чингис хаан ч ийм замаар ёсөн өрлөгтэй болсон. Жангарын хүлэг баатар "Агирвал найман чөмөг, Асгарвал аяга цус" байна гэсэн байдаг. Агирна гэдэг нь үхсэн хүний цайрч элэгдсэн ясыг хэлж буй хэрэг. Энэ нь хүн нэг л амьдрахаас хойш бие, сэтгэлээ ард түмэндээ зориулаад үхэхэд харамсахгүй гэсэн санааг илтгэж байгаа юм.
-Киргизийн ард түмэн "Манас" туулиа эш болгон төр улсын түүхээ мянганаар урагшлуулсан. Монголчууд Хүннүгийн түүхийг үндэслэн 2200 жилийн төр улсын түүхтэй гэдэг. Хэрвээ "Гэсэр", "Жангар"-ын туулиа эш болговол бидний түүхийн хугацаа урагшлах боломжтой мэт санагддаг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-"Манас" туульд киргизүүд Монголчуудтай байлдсан тухай буюу одоогоос 400 гаруй жилийн өмнөх түүхийг өгүүлдэг. Тодруулбал, Зүүнгарын хаант улс буюу одоогийн баруун монгол, Халимагийн хаант улсын цэргийн довтолгооны эсрэг XV зууны үеийн тэмцлийг "Манас" туульд харуулсан байдаг. Гэтэл киргизүүд "Манас" туулиа мянган жилийн түүхтэй гэж ярьж, цаашлаад Хомерын "Одиссей","Илиада", эртний Энэтхэгийн "Махабхарата"-тай эн зэрэгцэхүйц өв гэж олон улсад хүлээн зөвшөөрүүллээ. Туулийн гол баатар Манасыг X зууны үед буюу Чингис хаанаас ч өмнө амьдарч байсан мэт болгож туулийн үйл явдал өрнөдөг цаг хугацааг урагшлуулсан. Киргизийн ард түмэн, төр засаг энэ туулиараа түүхээ урагшлуулснаас гадна Бишкекийн олон улсын нисэх буудлыг Манасын нэрэмжит болгосон. Манай монголчуудад "Гэсэр", "Жангар"-аас гадна "Эрийн сайн Хан Харангуй", "Алтайн магтаал", "Бум-Эрдэнэ хаан" зэрэг нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг. Гэхдээ бид бусдыг шүүмжлэх нь зохисгүй болов уу. Харин тэднээс жишээ авах нь зүйтэй. Саяхан Киргизстанд нүүдэлчдийн их наадам зохион байгуулж, соёлоо сурталчлахын зэрэгцээ аялал жуулчлалаар орлого олж байна. Монголчуудад тийм хэмжээний соёлын наадам зохион байгуулах боломж бий.
-Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев "Чингис хааныг өөрийн хаан гэж өмчлөх хэрэггүй" гэсэн. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Дэлхийд тархсан олон зүйл Монголоос дэлгэрсэн. Манай өвөг дээдэс дэлхийн дайдыг эзэлж, 50 үндэстэнг нэгтгэсэн их гүрэн байгуулж ахуйд монголчууд шиг хүчтэй угсаатан байгаагүй. Өнөөгийн Казахстан, Орос, Хятад улс бүрэлдэх эхлэлийг Монголын эзэнт гүрэн тавьсан юм шүү. Бат хаан тархай байсан Оросын вангуудыг нэгтгэж, улс байгуулсан гавьяатай. Хаант Оросын үеийн алдартай сэхээтэн, язгууртан дунд татар, монгол гаралтай олон хүн байсан. Тухайлбал, нэртэй язгууртан Шереметев Ширэмт, зохиолч Тургенев Түргэн, яруу найрагч Ахматова Ахмад гэсэн татар овгоос гаралтай. Казах буюу Хасагийн нүүдэлчдийг монголчууд л нэгтгэсэн. Цагаадай хааны үр хойчис, монгол удмынхан Казахстанд одоо ч амьдарч байна. Тиймээс тэд Чингис хааныг өөрийн эзэн хаанаа гэж үзэх үндэслэлтэй юм. Харамсалтай нь бид тийм хүчтэй байсан атлаа одоо учраа олохоо байсан улс болжээ.
-"Хальж гарсан" Халимагийн ард түмэн нүүдэлчин ахуйгаа хэр хадгалж үлдсэн бэ?
-Бид Монгол нутгаа "Алтан өлгий", монгол хэлээ "аав, ээжийн хэлэн" гэж тахин шүтэж ирсэн. Тиймээс үр хүүхдэдээ "Аав, ээжийн хэлээ марталгүй, Алтан өлгийгөө санаж явтан" гэж захидаг. Халимагууд монгол хүнтэй уулзахаараа ах дүүтэйгээ уулзсан мэт баярладаг. Манай халимагууд Монгол нутгаа сүслэн залбирдаг юм. Би Монгол Улсад ирээд буцахдаа энерги авдаг. Халимагт таван хошуу мал байдаг ч нүүдэллэн амьдрах газар алга. Оноож өгсөн газартаа л амьдрахаас нутаг сэлгэн нүүдэллэж, малаа бэлчээрлүүлэх боломжгүй болсон.
-Шашин угсаа гарвал ондоо ард түмнүүдийн дунд 400 жил амьдрсан халимагууд Монголоороо үлдэнэ гэдэг хэцүү байсан биз. Үндэс угсаагаа авч үлдэх зүрх, зоригийг халимагийн ард түмэнд юу өгсөн бэ?
-Монгол ёс заншил агуу юм. Халимагууд исламын шашинт стан орнууд, үнэн алдартны орос зон олны дунд хэл, үндэс угсаагаа хадгалан үлдсэн нь туулийн гавьяа их. Зарим хүн буддын шашны гавьяа гэж ярьдаг. Халимагууд Ижил мөрний хөвөөнд 400 жилийн турш туулиа хайлаад, бийгээ биелээд бид монгол хүн гэдэг зүрхээр амьдарч ирсэн. Тиймээс угсаатан үүсч, мөхөлгүй оршин тогтноход шашин төдийлөн үүрэг гүйцэтгэдэггүй. Мөнх хааны үед олон шашны удирдагчид Хархорум руу элч төлөөлөгчөө илгээн Монголын хааны тааллыг хүлээж, дэлхийг захирсан эзэнт гүрний төрийн шашин болохыг хүсч байсан. Тэр бүрт Мөнх хаан "Бид өөрийн тэнгэртэй. Бидний тэнгэр манай улсыг ивээж байдаг" гэсэн хариулт өгч байсан түүхийг одоо мартах ёсгүй. Монголчууд бид хөх тэнгэр дээвэртэй хөхрөгчийн ариун сүм болсон тэнгэр шүтлэгтэй ард түмэн. Одоо янз бүрийн шашны урсгал Монголд дэлгэрч байгаа нь тоогүй. Аливаа хэргийг хөх тэнгэр гэж уулга алддаг ард түмэн Монголоос өөр байхгүй. Монгол ёс дэлхийг удирддаг заяатай гэж би боддог. Тиймээс монголчууд түүх, соёлоо дөрөөлөн босох хэрэгтэй. Гадна, дотнох хулгайч нар нь нийлж газраа ухаж томроод, ард түмэн нь улам ядуураад байдаг. Ингэж болохгүй. Заяагаар бий болсон ёс заншил, соёлын өв, жишээ нь туулиа гадагш нь сурталчлах боломж Монголд бий.
-Аливаа угсаатан цаашлаад улс оршин тогтнохын баталгаа нь хэл соёлын дархлаа. Гэтэл Монголын соёл өдөр бүр гаднын халдлагад өртөж буй нь харамсалтай. Гаднын улс орнууд соёлын дархлаагаа батлан хамгаалах салбараас илүү чухалчилдаг. Хэл соёлоо хамгаална гэдэг ойлголтыг та өөрийнхөөрөө тайлбарлана уу?
-Соёлоо төдийгүй улс орноо мөхөөхгүй авч явахад ард түмэндээ хайртай, сэтгэлтэй улстөрчид хэрэгтэй. "Сэтгэлгүй хүнийг арваны толгойд бүү тавь", "Сэтгэлийг нь хураавал бие нь хаа холдох вэ" гэж Чингис хаан сургасан байдаг. Би бодохдоо түүх, соёл, ёс заншил, Чингис хааны сургаалаасаа эшилж, монголчууд сэрж босох цаг болжээ. Аливаа нэг изм, ардчилал, социализм, коммунизм биш Чингис хааны баримталж байсан уугуул Монгол сургаалыг үзэл суртлаа болгох хэрэгтэй. Монгол Улс ард түмнээ аравт, зуутад хувааж, эвээ нэгтгэж, бэхлэх нь чухал. Үүнийг айхавтар улстөржүүлэлгүй овог угсаа, ах дүүгийн хүрээнд хэрэгжүүлж болно. Нэг удмын арван айл нийлээд аравт болно. Тэд шалгарсан чадварлаг, тэгэхдээ сэтгэлтэй нэгийгээ аравтын дарга болгож, арван аравт хурж зуутаа зохион байгуулж, зуутын даргаа тавина. Мянгат, түмт болсноор түмтээс Их, хурлын гишүүнээ сонгох боломжтой. Өөрөөр хэлбэл, хүлээн зөвшөөрсөн хүмүүсээ сонгож буй хэрэг. Энэ бол Цагаанзамын зохиосон зүйл биш. Чингис хааны хэрэгжүүлсэн бас захиас юм. Ард түмэндээ хайртай эзэн оффшор данс нээхгүй. Эзэн хүн сэтгэлтэй байх нь чухал. Баруун монголчуудын хамгийн айхтар хараал болох "Эзээн залги" буюу эзнээ, тэргүүнээ, толгойгоо залги гэх үг "Жангар" туульд бий. Соёл, түүхийн чиглэлд их зүйл хийх хэрэгтэй. Тэгж байж Монголын ард түмэн улам агуу болно.
-Таны дуулсан "Ээж минь" дууг сонсоход цаанаа л нэг халимагуудын зовлон шаналлыг хүүрнэх шиг санагддаг?
-Би дуучин хүн биш. Ард түмэндээ санаа зовж, замаа битгий гээгээрэй гэсэн сэтгэлээр энэ дууг дуулсан. "Ээж минь" бол Халимагийн ардын дуу. Хүнд ядрах, зовох үе байна. Тийм л хэцүү үед ээжээ дурсан "Ээж минь" дууг дуулсан юм. Халимагийн ард түмэн II Екатерина хатан хааны үеэс асар их зовлон амссан. Энэ зовлон Увш хаан манжуудад хууртан Ижил мөрнөөс уугуул нутгаа зорьсон их нүүдлээр эхлэлтэй. Увш хаан залуу хүн тул гэнэ алдсан байх. Мөн түүнийг тойрон хүрээлсэн лам нар "Бар жилийн бар сарын бар өдөр нүүх хэрэгтэй" гэж хүйтэн өвлөөр нүүдэл эхлүүлсэн. Энэ нүүдлийн хөлд 110 мянган хүн амь үрэгдэж, 60 мянган хүн эсэн мэнд үлдсэнийг нь Манжийн хаан Шинжаньд нутаг зааж суулгасан. И.Сталины үед халимагуудыг Сибирь, Уралд цөлж, ямар ч гэм зэмгүй атлаа хүний ёсноос гадуур харгис дарангуйлалд өртсөн. Эх орны дайн ид болж байхад халимаг цэргүүд эх орноосоо урвалаа хэмээн зохиомол ял тулган үй олон халимаг дайчдыг буудан хороосон. Ар талд үлдсэн идэр эрчүүдийг нь толгой дараалан цэрэгт дайчилж, хүүхэд, хөгшдийг алс зэлүүд нутагт цөлж, төрж өссөн нутгаас нь Дотоод яамны зандалчдын хүчээр хөөж нүүлгэсэн юм. Түүний уршгаар Халимагийн ард түмэн ямар ч гэм зэмгүй хэрнээ асар их зовлон амссан. Манай нутгийн өвгөд, хөгшид цөллөгийн аймшигт он жилүүдийг зүрх шимшрэн нулимс унаган байж дурсахыг сонсоход сэтгэл өвдөх шиг болдог юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин