Оросын тулаанч Хабиб Нурмагомедов тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах/UFC/ 229 дэх удаагийн тэмцээнд Ирландын холимог тулааны тамирчин Конор Макгрегорыг дөрөвдүгээр үед боох мэхээр ялж хөнгөн жинд аварга цолоо хамгаалсан боловч тэмцээн дууссаны дараа Макгрегорын багийн гишүүдтэй зодоон үүсгэж, улмаар олныг хамарсан зодоон цохион болж даамжирсан талаар мэдээллэж байсан билээ.
Тэгвэл энэ үйл явдлын улмаас Хабиб Нурмагомедов болон Конор Макгрегор нарыг олныг хамарсан зодоон цохионд оролцсоных нь төлөө аль альныг нь шийтгэж магадгүй байгаа тухай Невада мужийн Атлетикийн холбооны дарга Энтони Марнелл мэдэгджээ. Тус холбоо энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд “Нурмагомедовын багийн гишүүнийг цохисных нь төлөө Макгрегорыг шийтгэж магадгүй. Түүний үйлдэл дүрс бичлэгт буусан” гэж тэрбээр тайлбарласан байна.
Харин Нурмагомедовын хувьд түүнд торгууль ногдуулж, аваргын бүсийг нь хурааж магадгүй байна. Түүнчлэн түүний дасгалжуулагч Эседулл Эмиргаевыг тулаанч Макгрегорыг 3 удаа цохисных нь төлөө мөн торгууль ногдуулж магадгүй аж.