У.Хүрэлсүхийн илгээсэн захидлыг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч, ТНБД нарт гардуулан өгчээ
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Мерфиг хүлээн авч уулзсан байна.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, үр дүнтэй олон чухал үйл явдал болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийлжээ. Ялангуяа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр талууд харилцаагаа нэг шат ахиулан, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсний зэрэгцээ Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээг баталгаажуулсныг тэмдэглэсэн байна.
Монгол Улс нь АНУ-ыг чухал гуравдагч хөрш, дотны анд гэж үздэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, түүний дотор Ерөнхий сайдын айлчлалын үеэр ярьж, тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Мерфи Шадар сайд Ө.Энхтүвшинтэй санал нэг байгаагаа хэлсэн байна.
Тэрбээр Монгол Улс Мянганы сорилтын корпорацийн эхний компакт гэрээг амжилттай хэрэгжүүлсний зэрэгцээ хоёр дахийг нь хэрэгжүүлэх тодорхой шалгуурыг давж гэрээ байгуулсанд баяр хүргэжээ. Мөн Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан үр дүнд хүрч байгааг тэмдэглэв. Цаашид хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, санхүүгийн сахилга батаа сайжруулан, эдийн засгаа өсгөнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч М.Пэнс, Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нарт Монгол Улсын Ерөнхий сайдын илгээсэн талархлын захидлыг Шадар сайд гардуулан өгчээ.
Уулзалтын үеэр талууд хууль тогтоох болон төрийн бусад байгууллага болон иргэд хоорондын харилцаа, энхийг дэмжих ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг асуудлаар санал солилцсон байна.