Энэ долоо хоногийн дундуур асар хүчтэй “Майкл” хар салхи АНУ-ын Флорида муж улсын эрэг орчмын бүс нутагт дэгдэх төлөвтэй байгаа тул анхаарал болгоомжтой байхыг тус нутгийн оршин суугчдад анхааруулсан байна.
“Майкл” хар салхи лхагва гарагт Флорида муж улсад дэгдэх үедээ гуравдугаар түвшний шуурга болж, хүч нь нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд цааш АНУ-ын зүүн эргийн нутгуудыг чиглэн урагшлах юм.
Уг шуурга нь Куба улсад хэдийнээ дэгдэж, хүчтэй салхи болон аадар бороог үүсгээд байгаа аж. Өнгөрсөн сард “Флоренс” шуурганд нэрвэгдсэн бүс нутгуудад хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгааг цаг уурын мэргэжилтнүүд анхааруулж байна.
Умард Каролина муж улсад 2-7 сантиметрийн хур тунадас унах төлөвтэй байгаа нь “Флоренс” шуурганы улмаас нэвчсэн газрын гадаргууд үерийн гамшиг үүсгэж болзошгүй байгаа юм.
“Майкл” хар салхи одоогийн байдлаар 120 км/цагийн хурдтайгаар урагшилж байгаа бөгөөд Майами хот дахь АНУ-ын Хар салхи судлалын үндэсний төвийн мэдээлснээр, Флорида муж улсын зарим нутгуудад унах хур тунадасны хэмжээ 30 гаруй сантиметрт хүрэх төлөвтэй байгаа нь асар их хэмжээний үерийн гамшиг үүсгэж болзошгүй аж.
“Флорида муж улсын 26 тойрогт онцгой байдал зарласан. Асар аюултай шуурга дэгдэх төлөвтэй байна. Олон хүний амь эрсдэж болзошгүй” гэж тус муж улсын захирагч Рик Скотт Онцгой байдлын газрын байранд мэдээлэл хийх үеэрээ тэмдэглэжээ.