"Google" компани өөрийн дөрөв дэх том төсөл болох Google+ нийгмийн сүлжээгээ хаах болсон тухай мэдэгдлээ. Сүлжээнд гарсан программын алдааны улмаас 500 мянга хэрэглэгчдийн хувийн мэдээллийг алдсантай холбогдуулан ийнхүү шийджээ.
The Wall Street Journal сэтгүүлд бичсэнээр тус компани энэ асуудлын талаар өнгөрсөн гуравдугаар сард олж мэдсэн хэдий ч компанийнхаа нэр хүнд сэвтэхээс зайлсхийж, олон нийтэд мэдээлээгүй байна. Энэхүү асуудал олон нийтийн анхаарлыг хандуулахаар тийм ноцтой байгаагүй бөгөөд тэр даруй алдааг зассан гэж Google компанийн зүгээс хийсэн мэдэгдэлд дурдсан байна. Программын алдаанаас болж 438 гадны аппликэйшнийг ашиглан Google+ сүлжээний хэрэглэгчдийн нэр, цахим шуудангийн хаяг, мэргэжил, хүйс, нас зэрэг хувийн мэдээлэлд нэвтрэх боломжтой байсан аж. Гэхдээ хэрэглэгчдийн хувийн мэдээллийг буруугаар ашигласан тухай баримт гараагүй хэмээн тус компани мэдэгджээ.
Google+ сүлжээ 2011 онд нээгдсэн бөгөөд тун бага ашиглагддаг байна. Түс сүлжээний хэрэглэгчдийн 90 хувь нь таван секундээс богино хугацаанд сүлжээнд ордог байна.
Энэхүү асуудлын улмаас Google-ын толгой компани болох Alphabet компанийн хувьцааны ханш 1.23 хувиар унажээ.