Хабибыг дахиж "UFC"-ийн дэвжээнд гаргахгүй хэмээн мэдэгджээ
ОХУ-ын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов 27 дахь тулаандаа ялалт байгуулж, аваргын алтан бүсээ хадгалж үлдлээ. Ирландын “Сагсуу сармагчин” Конор МакГрегор жил гаруй хугацаанд эзгүй байсны эцэст UFC 229-д эргэн ирсэн ч тулааны дөрөвдүгээр үед боолтод орж ялагдал хүлээсэн. Тэдний тулаан Лас-Вегасын “T-Mobile Arena” цэнгэлдэхэд болсон юм.
Хабиб Нурмагомедов олны анхаарлыг татсан тулаанд ялалт байгуулсан боловч Конор МакГрегорын дасгалжуулагч руу дайрч үймээн дэгдээжээ. Улмаар рингний дотор болон гадна үймээн үүссэн. Үймээний үеэр нэгэн үзэгч ринг рүү нэвтэрч Конор МакГрегорыг цохисон хэрэг ч гарсан байна. Ийнхүү өдгөө 30 настай Конор МакГрегор 21 ялалт, дөрвөн ялагдалтай боллоо.
Шүүгч тэмцээн өндөрлөснийг зарламагц Нурмагомедов дэвжээний хашлагыг давж, Макгрегорын багийн гишүүн, өөрийг нь хэл амаар доромжилж байсан Диллон Дэнис рүү довтолжээ. Цагдаа нар тэднийг салгаж, аюулгүй болгосон байна. Үүний дараа Нурмагомедовын талын зарим хүн дэвжээ рүү нэвтэрч Макгрегорын биед халдсан аж. Цагдаа нарын хамгаалалтын дор Оросын тамирчныг танхимаас гарахад Макгрегорын дэмжигчид түүн рүү ундааны сав зэрэг эд зүйлс нүүлгэжээ.
20,000 хүн цугларсан танхимд эмх замбараагүй байдал хяналтаас гарахаас болгоомжилсон UFC-гийн босс Дана Уайт аваргын бүсийг Нурмагомедовт шууд гардуулж өгөхөөс татгалзсанаас болж тэдний хооронд мөн маргаан үүссэн байна.
Сүүлд авсан мэдээллээр дэвжээнд гарч үймээн дэгдээсэн Нурмагомедовын гурван хүнийг цагдаа нар баривчилж, дараа нь Макгрегор гомдолгүй гэдгээ баталсны дараа тэднийг сулласан аж. Улмаар Дана Уайт Хабиб Нурмагомедовыг дахиж UFC-ийн дэвжээнд гаргахгүй хэмээн мэдэгдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж эхэллээ.