Tencent хөгжмийн салбарынхаа хувьцааг гаргахаар төлөвлөжээ
Tencent Music Entertainment хувьцаагаа анхдагч зах зээлд гаргах төлөвлөгөөгөө ил болгож, АНУ-ын хөрөнгийн биржид бүртгүүлэх бичиг баримт бүрдүүлэх ажлаа эхлүүлэв. Хөгжмийн стримингийн компани Хятадад тоглоом, нийгмийн сүлжээ, төлбөрийн үйлчилгээ эрхэлдэг Tencent холдингоос салбарлаж гарсан юм. Хэд хэдэн платформоор 800 сая хэрэглэгчтэй TME хөгжмийн стримингээр Хятадад тэргүүлдэг төдийгүй хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд нэгд жагсдаг. Энэ онд IPO хийсэн бусад компаниас ялгаатай нь эднийх оны эхний хагаст ашигтай ажиллаж, 263 сая ам.долларын орлого олсныг зохицуулалтын баримтад дурдсан байна. Тус групп бүртгүүлэх дүнгээ нэг тэрбум ам.доллар гэж тооцож байгаа нь индекст дээгүүр бичигдэж болзошгүй. Хэлцлийг сайн мэдэх есдүгээр сард гурван хүн МТЕ наад зах нь хоёр тэрбумыг босгож, компанийнхаа нийт үнэлгээг 30 тэрбумд хүргэснээр технологийн компаниудын үнэлгээгээр дээгүүрт гарч ирэхийг ярьсан байв.
Өмнө нь дөрөвдүгээр сард нийтэд гаргах хувьцааны хэмжээ дөрвөн тэрбум байна гэсэн мэдээ тарсан ч нийт үнэлгээний зорилт хэвээр үлджээ. Тус компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн жилийн турш дээшилсэн юм. 2017 онд эднийх Spotify компанитай хувьцаа солилцох гэрээ хийж, Tencent ТМЕ Нью-Йоркт бүртгэлтэй компанийн 7.5 хувийг эзэмших болсон. Тухайн үед энэ хэлцэл Хятадын талын үнэлгээг 12.3 тэрбумд хүргэсэн гэж тооцдог. Хувьцаагаа гаргах явцад ТМЕ нэмэлт хөгжмийн контент, бүтээгдэхүүний тэлэлт болон маркетинг хийснээр стратегийн хөрөнгө оруулалт, худалдан авалтаа өргөжүүлнэ гэж IPO-гийн саналд тэмдэглэсэн байна. Харин хувьцааг хуваах болон хувьцаа эзэмшигчдийн багцаас зарах талаар баримтад дурдсангүй. IPO хийх ажилд Merrill Lynch, Deutsche bank, Goldman Sacks, JPMorgan, Morgan Stanley зэрэг санхүүгийн байгууллагууд зуучлахаар сонгогджээ. ТМЕ бол дэлхийн капиталын зах зээлд гарахыг эрмэлзэж буй Tencent-ийн дэмжлэгтэй буюу хяналттай хэд хэдэн компанийн нэг юм.
Шинжээчдийн хэлснээр зарим нь Хонконгт хувьцаагаа гаргасан явдал Хятадын технологийн группийн хувьцааны эрэлтийг дээшлүүлжээ. Tencent-ийн цахим номын China Literature компани өнгөрсөн оны 11 дүгээр сард хонконгт хувьцаа гаргаж, 1.1 тэрбум ам.доллар босгосон бөгөөд эхний өдрийн арилжаанд хувьцааных нь үнэ 80 хувь өсөж байв. Өнгөрсөн есдүгээр сард Tencent-ийн дэмжлэгтэй Meituan Dianping хэмээх хүнс хүргэлтийн үйлчилгээ 4.2 тэрбум босгож, үнэлгээ нь 53 тэрбум ам.доллар болтлоо өссөнөөр Хятадын томоохон технологийн компаниудын жагсаалтад орсон. Гэвч мөн Tencent-ээр дэмжүүлсэн цахилгаан машины Nio компани өнгөрсөн сард Нью-Йоркийн бирж дээр хувьцаа гаргасан боловч зорилтот 1.8 тэрбум ам.долларыг босгож чадалгүй нэг тэрбумаар хязгаарлагдсан байна. Tencent компани сүүлийн саруудад өөрөө бэрхшээлтэй тулгараад байгаа. Наймдугаар сард Хятадын зохицуулагчид эдний видео тоглоом нийлүүлэх боломжийг хааж, хүүхдийн онлайн тоглоомын цагийг хязгаарласан тул хувьцааных нь үнэ нэлээд уруудсан. Tencent-ийн үндсэн орлого видео тоглоомоос орж ирдэг ба хувьцаа нь он гарсаар 24 хувь унаад байна.