БНСУ-ын Намянгжү хот дахь Монголын соёлын төвийг хаах шийдвэр гаргав
Өмнөд Солонгос улсын Кёнги дүүргийн захиргаанд харъяалагддаг Намянгжү хотод 2000 онд байгуулагдсан Монголын соёлын төвийг хаах тухай мэдээлэл өмнө нь цацагдаж байсан билээ. Өнөөдөр тус хотын захиргааны ээлжит хурлаар Монголын соёлын төвийн асуудлыг хэлэлцэж, 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр буюу 18 жилийн дараа хаах шийдвэр гаргасан талаар “Hani” мэдээлсэн байна.
Намянгжү хот дахь Монголын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоох шалтгаан нь жил бүр алдагдалтай ажиллаж байсантай холбоотой аж. Өнгөрсөн хугацаанд Солонгосын талаас зургаа, Монголын талаас өвлийн улирлаас бусад үед жил бүр 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй урлагийн баг ажилладаг байжээ.
Энэхүү соёлын төвөөр үйлчлүүлэх дотоод, гадаадын жуулчдын тоо бага тул жил бүр хотын захиргаанаас 1.2 тэрбум воны хөрөнгө гаргаж, 18 жилийн турш ажилласан бөгөөд энэ удаа бүрмөсөн хаах шийдвэр гаргасан байна.