Малайзын тэргүүн хатагтай асан авилгын хэргээр баривчлагдав
Малайзын өмнөх Ерөнхий сайд Нажиб Разак (Najib Razak) гурван жилийн өмнө төсвийн мөнгө шамшигдуулсан хэргээр баривчлагдаж байсан. Тэгвэл түүний гэргий, өдгөө 66 настай Росма Мансор (Rosmah Mansor) 17 удаагын авилга авсан хэргээр саяхан баривчлагджээ. Түүний дансанд 680 сая ам.доллар шилжин орсон хууль хяналтынхны анхааралд өртөж 2017 оноос эхлэн шалгаж эхэлсэн бөгөөд тодорхой нотлох баримт олдмоны үндсэн дээр ийнхүү баривчилэнн. Энэ их мөнгийг Росма нь Саудын Арабын мөнгөн тусламж хэмээн тайлбарлаж байжээ.
Түүний нөхөр Нажиб Разак нийт гурван хэргээр шалгагдаж байгаа бөгөөд тус бүр 20 жилийн ялтай аж. Үүнд төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулж, хувьдаа ашигласан хэрэг ч оржээ. Түүний дансанд улсын тодотголтой компаниас 10.6 сая ам.доллар хууль бусаар шилжин орсон байна. Нийтдээ улсын төсвөөс 4.5 тэрбум дутсан нь мөрдөн шалгалтаар илэрчээ. Харин энэ хэргийн Росма Мансорын өмгөөлөгч улс төрийн зохион байгуулалттай гүтгэлэг хэмээж байгаа юм.
Шүүх өмнө нь Росма Мансорыг гадаадад аялахыг нь хориглож, 273 сая ам.долларын хөрөнгийг нь хураан авсан юм. Үүний дотор 567 ширхэг гар цүнх, 234 нарны шил, 12 мянган ширхэг үнэт эдлэл гэх мэт зүйлс багтсан. Одоогийн байдлаар Росма Мансор өөрөө ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.