Ганцхан ширхэг хуруу зай нэг метр квадрат хөрс, 8000 литр усыг бохирдуулдаг
Бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон ханын цаг, удирдлага, хүүхдийн тоглоом, гар чийдэн, сонсголын аппарат гэх мэт тоочоод баршгүй олон зүйлс жижигхэн хуруу зайгаар ажилладаг.
Гарын алганд багтах жижигхэн хуруу зай байгаль орчин, хүний эрүүл мэндэд та бидний төсөөлж байснаас ч их хор хөнөөл учруулдаг ажээ. Батарейны найрлагад кадми, хар тугалга, мөнгөн ус, лити зэрэг хортой металл ордог. Тиймээс жирийн хог хаягдалтай хамт хаяхыг тэр бүр зөвлөдөггүй.
Химийн хорт бодис агуулсан ганцхан ширхэг хуруу зай нэг метр квадрат хөрс, 8000 литр усыг хордуулж бохирдуулдаг байна. Гэтэл манай улсад дууссан зайг ямар хог хаягдалд ангилж, хаяхдаа юуг илүү анхаарах талаар ямар нэгэн заавар, зөвлөмж байдаггүй, иргэдийн мэдлэг дутмаг байдаг.
Манайхаас бусад улс оронд цэнэг нь дууссан зайг дахин боловсруулах тал дээр ихээхэн анхаардаг. Герман улс 1998 оноос хойш зөвхөн эх орондоо үйлдвэрлэсэн батарей хэрэглэхээс гадна цэнэг нь дууссан тохиолдолд буцаан дэлгүүрүүдэд аваачиж өгч заншчээ.
Манай улсад 2010-2016 оны хооронд импортоор дахин цэнэглэгддэг 16.4 сая ширхэг, нэг удаагийн 31.5 сая ширхэг батарей орж ирсэн, нийслэлчүүд жилдээ гурван сая батарей хэрэглэдэг талаар Байгаль орчин аялал жуулчлалын яам мэдээлэв.