Агаарын довтолгооноос хамгаалах “С-300” пуужингийн системүүд даваа гарагт Сирид хүрсэн гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ.
Хоёр долоо хоногийн өмнө ОХУ-ын “Ил-20” тагнуулын нисэх онгоц пуужинд оногдож сүйрсэнтэй холбогдуулан ОХУ Сири рүү агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем илгээх шийдвэр гаргасан билээ. Нисэх онгоц сүйрэх үеэр ОХУ-ын цэргийн 15 албан хаагч амиа алдсан юм.
ОХУ энэхүү хэрэгт Израилийг буруутгаж байгаа боловч тус улс буруугүй хэмээн хэргийг няцааж байна.
Израилийн сөнөөгч онгоцнууд Сирийн Латакиа мужид агаараас цохилт өгч байх үеэр ОХУ-ын тагнуулын нисэх онгоц Сирийн пуужинд өртөж, сөнөсөн байна.
Израиль энэхүү хэрэгт Сирийн талыг буруутгаж, “С-300” пуужингийн системийг "хариуцлагагүй хүмүүст" өгөх нь бүс нутгийн байдлыг илүү аюултай болгоно гэж анхааруулсан байна.
Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон энэ асуудалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ, Сири рүү пуужингийн шинэ систем илгээх шийдвэр нь тус улсын иргэний дайныг өргөжин тэлэхэд хүргэнэ гэж анхааруулаад, энэ шийдвэрээ эргэн харахыг ОХУ-д уриалжээ.
ОХУ-ын агаарын цэргийн бааз Сирид байрладаг бөгөөд уг бааз нь тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Асадын хүчинд дэмжлэг үзүүлдэг билээ.