МАН-ын 32-ын бүлгээс Ё.Баатарбилэг, 33-ын бүлгээс Б.Энх-Амгалан, Я.Содбаатар нар ЗТХ-ийн сайдад нэр дэвшихээр яригдаж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг албан үүргээс нь чөлөөлөх асуудал энэ долоо хоногтоо багтан, УИХ-аар эцэслэн шийдэгдэнэ. Улмаар дараачийн сайдын томилгооны асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл ирэх долоо хоногт хуралдах чигтэй байгаа юм. Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшиж, тодорхой хүчээр зүтгэхээр яригдаж буй хүмүүсийн мэдээллийг хүргэж байна.
НЭГ: Я.СОДБААТАР ГИШҮҮНИЙГ ЕРӨНХИЙ САЙД ДЭМЖИХ ЧИГТЭЙ БАЙНА
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Засгийн газраас холбогдох шийдвэр гаргахтай зэрэгцэн дараачийн сайдын нэр яригдаж эхэлсэн. Энэ үеэс Я.Содбаатар гишүүн Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдох хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдэж байв.
Тэрээр У.Хүрэлсүхийн танхимыг бүрдэхэд ихээхэн өндөр үүрэг гүйцэтгэсэн хэдий ч сайдын суудал аваагүй үлдсэн нэгэн. Тэр ч утгаараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн танхимдаа ойр дотно ажиллаж ирсэн Я.Содбаатар гишүүнийг багтаах хүсэлтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлдэг. Ерөнхийлөгч Х.Баттулга ч Я.Содбаатарыг сайдаар томилох асуудалд нааштай хариу хэлсэн гэх мэдээлэл бий.
Ийм байдлаар УИХ-ын намрын чуулган эхлэхэд улс төрийн хүрээнд “Я.Содбаатар гишүүн Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшинэ. УИХ руу нэрийг нь оруулах тохироо МАН-ын удирдлагуудын түвшинд ерөнхий байдлаар хийгдсэн” гэх мэдээлэл тарж байв. Тэрээр уг асуудлаар “Одоогоор энэ асуудлаар намын Удирдах зөвлөл хуралдаагүй байна. Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилох асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэж, олонхиороо шийднэ” гэсэн хариулт өгөөд байгаа юм.
ХОЁР: Ё.БААТАРБИЛЭГ ГИШҮҮНИЙГ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭР 32-ЫН
БҮЛГИЙНХЭН ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
Ж.Бат-Эрдэнэ гишүүн эрх баригч нам доторх 32-ын бүлгээс Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшсэн. Анхнаасаа МАН доторх 32/33-ын бүлгүүд сайдын суудлаа хувааж аваад, тус тусдаа хуралдах замаар нэр дэвшигчдээ тодруулсан билээ. Тиймээс ч Ж.Бат-Эрдэнэ сайдын суудал квот ёсоороо М.Энхболдын 32-ын бүлэгт хамаарах учиртай.
Гэвч намын удирдлага, Засгийн газрын тэргүүний суудлыг авсан У.Хүрэлсүх энэ удаа сайдын суудлыг өөрийн хүндээ өгөх замаар барьцаа ахиулахыг хүсч буй. Ерөнхий сайдын энэ шийдлийг 32-ын бүлгийнхэн зүгээр хараад суухгүй байхаар шийдсэн байна.
Эрх баригч нам доторх 32-ын бүлгийн нэр бүхий гишүүд уг асуудлаар Даваа гаригийн орой зөвлөлдөж, Ё.Баатарбилэг гишүүнийг сайдад нэр дэвшүүлэхээр байр сууриа нэгтгэсэн байна. Улмаар 32-ын бүлгийн гишүүд Ё.Баатарбилэг гишүүнийг сайдад нэр дэвшүүлэх асуудлаар дотооддоо гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Гарын үсэг зурж дэмжсэн гишүүдийн тоо хэд хүрсэн нь тодорхойгүй байгаа ч 32-ын бүлгийнхэн харьцангуй эв нэгдэлтэй учир олонхиор дэмжих чигтэй байгаа аж. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдах үеэр Ё.Баатарбилэг гишүүн сайдад нэр дэвшихээр яригдаж байсан ч албан ёсоор дэвших асуудал нь баталгаажилгүй үлдэж байсан билээ.
ГУРАВ: Б.ЭНХ-АМГАЛАН ГИШҮҮНИЙГ Д.АМАРБАЯСГАЛАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ
НАРЫН ГИШҮҮД ЗҮТГҮҮЛЖ БАЙНА
Эрх баригч намын 32-ын бүлгийнхэн дотроос одоогоор нэг л нэр дэвшигч яригдаж байгаа бол У.Хүрэлсүхийн талынхан хоёр хүн дээр хуваагдах чигтэй байна. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар Я.Содбаатарыг сайдад нэр дэвшүүлэх асуудалд нэгдмэл байр суурьтай буй.
Нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ, Л.Энхболд, Ц.Гарамжав, М.Оюунчимэг нар Ерөнхий сайдад “шантааж” үзүүлэх байдлаар Б.Энх-Амгалан гишүүний нэрийг тулгасан байна. Тэд “Б.Энх-Амгаланг сайдад нэр дэвшүүлвэл Засгийн газрын галыг цээжээрээ хамгаална” гэдэг утгаар тулгалт хийсэн гэх мэдээлэл бий.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд нэгэнт Я.Содбаатар гишүүнийг сайдад дэвшүүлэхээр тогтсон тул шинээр сонгогдсон, мэргэжлийн бус гэсэн шалтгаанаар цааргалаад буй аж. “Өмнө нь Б.Энх-Амгалан гишүүнийг сайдад нэр дэвшүүлэх асуудлаар гарын үсэг цуглуулах асуудлыг МАН-ын генсек Д.Амарбаясгалан сөхсөн. Тэр даруйд Ерөнхий сайд шууд хорьсон” гэдэг.
Тиймээс ч даваа гаригийн уулзалтад МАН-ын генсек Д.Амарбаясгалан өөрөө оролцолгүй, гишүүдийг Ерөнхий сайдын өрөө рүү оруулсан гэдгийг эх сурвалж онцолж байгаа юм.