Таны шинжлэх ухааны мэдлэгийг тэлэх 10 подкаст
Подкаст бол интернэтэд байршуулсан, аудио хэлбэрийн, цуврал контент юм. Үүний тусламжтайгаар бид замын түгжрэл, банкны дараалалд зогсож байхдаа ч, чихэвчээ зүүгээд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой юм. Ингээд та бүхний шинжлэх ухааны мэдлэгийг тэлэх 10 подкастыг танилцуулж байна.
1 Hidden Brain
Энэхүү подкаст нь таныг хорвоо ертөнцийн хамгийн нарийн төвөгтэй зүйлсийн нэг болох хүний тархи, мэдрэл, оюун ухааны бүтэц, үйл ажиллагаанд татан оруулна.
Ингэхдээ сэтгэл судлалаас эхлээд сэтгэц судлал хүртэл өргөн цар хүрээг хамардаг байна. Хүн аливаа зүйлийг хэрхэн үйлдэж, мэдэрч, боддог талаар маш сонирхолтой баримтуудыг дэлгэдэг тул үүнээс авах мэдээлэл өдөр тутмын амьдралд ч тустай.
Мөн эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн зөв төлөвшүүлэх, гэнэтийн, цочирдом нөхцөл байдлыг хэрхэн даван туулах, интернэт яагаад бидний анхаарлыг татаж, цаг завыг сордог зэрэг олон асуултын хариуг эндээс аваарай.
https://www.npr.org/podcasts/510308/hidden-brain
2 The Story Collider
Энэхүү шоу нь шинжлэх ухааныг өөрийн амьдралтай холбосон хувь хүмүүсийн түүхийг өгүүлдэг. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны сэдэвтэй, хувь хүний тухай шоу юм. Энэхүү подкастаас та эрдэмтдийн шинэ зүйлийг бүтээх явцдаа гаргаж байсан алдаа, бүтэлгүйтэл эсвэл таныг шинжлэх ухаанд дурлуулахаар сайхан түүхүүдийг сонсох боломжтой.
https://www.storycollider.org/
3 Star Talk Radio
Ихэнх подкаст дэлхий дээрх амьдрал болон хүн төрөлхтөнд төвлөрдөг бол Star talk radio нь үүнээс илүү өргөн хүрээг хамардаг. Астрофизикч, шинжлэх ухааныг таниулагч Нейл деГрасс Тайсоноор удирдуулсан тус шоу нь таныг сансар огторгуйгаар аялуулна. Тухайлбал, Ангараг гариг дээрх амьдрал, дэлхий бөмбөрцгийн гадна амьдрал байдаг эсэхийг эрэлхийлэх, заримдаа хөл бөмбөгийн техник, шинэ технологийн дэвшилт гэх мэт янз бүрийн сэдвийг хамардаг нь таныг хэзээ ч уйдаахгүй.
https://www.startalkradio.net/
4 Radiolab
Радиолаб нь хамгийн сонгодог подкастуудын нэг юм. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаанаас гадна улс төр болон дэлхий даяар өргөжсөн бумад сэдвийг хөнддөг болсон байна. Энэхүү подкаст нь бичил биетний тухай, генийн өөрчлөлтийн тухай, мөн сэтгэл судлалын тухай түлхүү өгүүлдэг.
https://www.wnycstudios.org/shows/radiolab
5 Invisibilia
Магадгүй бидний нүдэнд харагддаггүй зүйлсийн тухай ярихад аудио форматаас илүү тохирох зүйл үгүй биз. Тэгвэл энэхүү подкастад Алекс Спиэгэл, Ханна Росин нар хүний зан араншинг төлөвшүүлдэг үл үзэгдэх хүч, тэр дундаа итгэл үнэмшил, эмоци, санаа бодол зэргийн талаар судлан, ярилцдаг. Тухайлбал, хүмүүс яг адилхан зүйлийг хэрхэн хоёр өөр өнцгөөс хардаг, бид өөрсдийн зан төлвийг хэрхэн ойлгодог гэх мэт зүйлсийг сонсож, дотоод ертөнцөөрөө аялаарай.
https://www.npr.org/podcasts/510307/invisibilia
6 Flash forward
Flash forward нь одоо байгаа нөхцөл байдалд тулгуурлан, дэлхий ертөнц ирээдүйд хэрхэн хувирч өөрчлөгдөхийг судалдаг подкаст юм. Сүүлийн үед сэдэв нь бүр ч өргөжин тэлж байгаа бөгөөд шинжлэх ухаан, философийн хүнд асуултуудын хариуг эрэлхийлэх болжээ.
Жишээ нь, бодит байдал дээр дэлхий яаж харагддаг вэ, хэрэв мансууруулах бодис хэрэглэхийг хуулиар зөвшөөрвөл юу болох вэ? гэх мэт хийсвэр, сонирхолтой асуудлуудыг хөнддөгөөрөө онцлогтой.
Мөн зүгээр ч нэг ирээдүйн талаар зөгнөх биш, тухайн сэдвийг сайтар мэддэг, мэргэжлийн хүмүүсийг яриулан, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр таамаг дэвшүүлдэг байна.
https://www.flashforwardpod.com/
7 Future Tense
Энэ подкастын онцлог нь ихэнх хүмүүс шинжлэх ухаан, технологийн талаар ямар ойлголттой байдаг, мөн хүн төрөлхтөн байгаль, дэлхийтэй хэрхэн харилцаж байгаа талаарх хамгийн сүүлийг үеийн мэдээллийг хүргэдэг.
Сошиал медиагаар дамжуулж дэлхий нийтэд цацсан хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах, сүүлийн үеийн дэвшилтэт технологи хүн ба амьтдад хэрхэн нөлөөлж байгаа талаар олж мэдэхийг хүсвэл Future Tense-р зочлоорой.
http://www.abc.net.au/radionational/programs/futuretense/
8 Ologies
Sociology (социологи), Psychology (сэтгэл судлал), anthropology (антропологи) гэх мэт шинжлэх ухааны салбар бүрийг нэгтгэн Ologies хэмээн нэрлэсэн нь аргагүй л өргөн цар хүрээ хамрахыг илтгэж байна.
Үүнд галт уул судлал, секслоги, спорт хүртэл хамаарна гээд бод доо. Подкаст нь эдгээр гүн гүнзгий сэдвүүдийг хөнддөг бөгөөд түүний зочдын тусламжтайгаар гайхалтай түүх, хөгжилтэй мөчүүдээр дүүрэн яриа өрнүүлдэг. Тиймээс таныг уйдаахгүй мөн цагийг нь тань дэмий үрэхгүй юм.
https://www.alieward.com/ologies/
9 Science Friday
Хэрвээ та хорвоогийн элдэв зүйлд асуулт тавьж, хариуг нь эрэлхийлж явдаг сониуч зантай бол Science Friday яг тохирно. Энэ подкаст нь тухайн долоо хоногийн хамгийн том шинжлэх ухааны мэдээг таньд маш хөгжилтэй, энгийнээр тайлбарлах юм.
Магадгүй Friday гэдэг үгийг хараад таньд зугаа цэнгэл санаанд орсон бол, шинжлэх ухааныг ч мөн баасан гариг тэмдэглэж буй мэт зугаатайгаар судлаж болдогийг Science Friday харуулах болно.
https://www.sciencefriday.com/
10 Science Vs
Энэхүү подкаст нь шинэ эсвэл маргаантай сэдэв “барьж авахаас” айдаггүй. Тухайлбал уг подкастын өмнөх цувралуудаар сүүлийн үед тахал болоод буй таргалалтын шалтгаан мөн дэлхий нийтийг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой эсэх гэх мэт “том” сэдвүүдийг хамардаг тул таныг дэлхийн хүн болгож, дэлхийн хэмжээнд сэтгэхэд түлхэц болох юм.
https://gimletmedia.com/science-vs/
Чихэвчээ зүүгээд зүгээр нэг дуу сонсох биш, алхам тутамдаа мэдлэгээ цэнэглэж явахыг хүсдэг хүн бүрт дээрх подкастууд хэрэг болох биз ээ.