Роналдод хүчиндүүлсэн гэх багш бүсгүй шүүхэд гомдол гаргажээ
33 настай португал хөлбөмбөгч Криштиано Роналдог 34 настай Кэтрин Майорга хүчингийн хэрэгт буруутган, АНУ-ын Невадагийн шүүхэд гомдол гаргажээ. Ийнхүү дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн алдрыг таван удаа хүртсэн Роналдо шүүхийн өмнө хүчингийн хэрэг хийгээгүй гэдгээ нотлох ёстой болоод байна.
2009 оны зургадугаар сард Лас-Вегасын "Palms Place" зочид буудлын хоногийн 770 ам.долларын үнэтэй өрөөнд дээрх хэрэг гарсан гэж хохирогч мэдүүлжээ. Энэ явдлаас хэдхэн хоногийн өмнө тэрбээр Криштиано Роналдотой шөнийн цэнгээний газарт танилцаж, утасныхаа дугаарыг солилцсон аж. Дараа нь түүнийг найзынх нь хамт уулзахыг урихад татгалзалгүй очсон байна.
Бүсгүй мэдүүлэгтээ Роналдо зочид буудлын ариун цэврийн өрөөнд өөрийг нь хүчиндсэн гэж мэдүүлжээ. “Эхлээд тэр надаас гуйсан. Гуйсан болохоор нь би зөвхөн үнсэхийг л зөвшөөрсөн. Гэвч удалгүй хүч хэрэглэж, намайг хүчиндсэн. Тэгэх ёсгүй, зогс гэж би түүнд олон удаа хэлсэн ч тоогоогүй. Тэр явдлын дараа Роналдо миний өмнө сөхрөн сууж, “Миний 99 хувь нь сайн залуу. Харин ганц хувийн алдаа гаргахдаа би үүнийг хийчихлээ” гэж хэлсэн. Тэр явдлаас хойш би сэтгэлзүйн гүн цохилтод орж, гутарч, архи дарс уухын зэрэгцээ амиа хорлохыг хүртэл завдсан. Тийм ээ, би Роналдогоос мөнгө авсан. Гэхдээ уучилсандаа бус харин эмчилгээндээ зориулж авсан” хэмээн Кэтрин Майорга өгүүлжээ.
Криштиано Роналдо дээрх явдлаас хойш зургаан сарын дараагаар 375 мянган ам.долларыг Майоргад өгсөн гэнэ. Гэвч холливудад Харви Вайнштейн болон Билл Косби нарын алдартнууд бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, хүчиндсэн нь нэгэнт тогтоогдож, улмаар MeToo хөдөлгөөн өрнөсөн нь Кэтрин Майоргад хохирогч гэдгээ зарлах зориг өгчээ.
“Роналдогийн зурагтай шинэ реклам гарчихаж. Би харах бүртээ айж эвгүйцэж байна” гэж охин маань надад хэлдэг хэмээн Майоргагийн ээж хэвлэлд өгүүлжээ. Түүний аав нь гал сөнөөгч. Харин ээж Майорга нь багш аж.
Кэтрин Майорга шөнийн цэнгээний газарт Роналдотой хамт байгаа гэрэл зургийг папарацчид авсан тул тэдний уулзалтыг нотлох баримт маргаангүй бий гэнэ.
Кэтрин Майоргагийн ярилцлага хэд хоногийн өмнө Германы Der Spiegel сэтгүүлд анхлан нийтлэгдсэн ба тэр даруй Роналдо “Тэд миний нэрээр мөнгө олох гэж байна” гэж мэдэгдсэн юм. Гэлээ ч түүний “тэд” гэх үг нь Der Spiegel-ийг хэлсэн үү, эсвэл Майоргаг цохсон уу гэдэг нь ойлгомжгүй өнгөрчээ.
Криштиано Роналдо жилийн өмнө Испанийн шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонсч байсан. 14 сая еврогийн татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон тул хөлбөмбөгч торгуулийг нугалан төлж, 20 сая евро гаргаснаар тэнсэн харгалзах ялтай үлдсэн юм.
Криштиано Роналдо өдгөө найз бүсгүй Жоржина Родригес болон дөрвөн хүүхдийнхээ хамт амьдардаг. Гурван хүүхэд нь тээгч эхээс төрсөн бол охин Алана Мартина нь Жоржина Родригесоор төрсөн.
Ийнхүү дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Криштиано Роналдод есөн жилийн өмнө хүчиндүүлсэн гэх Кэтрин Майорга шүүхэд гомдол гаргаснаар алдарт Роналдогийн алдааг тойрсон асуудал дахин сөхөгдлөө.