Хятадын харилцаа холбооны Huawei компани Папуа шинэ гвинейд байгуулж буй интернэтийн дэд бүтцийн ажлыг зогсоолгохоор АНУ-ын Засгийн газар төлөвлөж байна. Уг төлөвлөгөө нь Энэтхэгийн болон Номхон далайн бүсэд ихэссээр буй Бээжингийн нөлөөг хязгаарлах өрнөдийн хүчин чармайлтын бас нэг жишээ боллоо. Huawei-г орлох дэд бүтцийн төлөвлөгөөг Япон, Австралитай хамтран боловсруулж буй талаар Канберра дахь АНУ-ын дипломат Жэймс Карузо Australian Broadcasting Corporation-д тайлбарлав.
“Бид орлуулах сөрөг арга хэмжээ боловсруулж байгаа. Гэхдээ энэ нь Хятадтай битгий бизнес хий гэсэн үг биш. Хятадуудын бизнес төлөвлөгөө биднийг өрсөлдөх чадвартай бай гэж буй хэрэг” гэв. “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хятадын санхүүжилттэй төслүүд ихсэж буйтай уялдан гурван талын түншлэл бүхий дэд бүтэц, хөгжлийн төслүүдийг Энэтхэгийн болон Номхон далайн бүсэд хэрэгжүүлэхээр АНУ, Австрали, Япон гурав долдугаар сард тохиролцсон юм.
Бээжин бүс нутагт эдийн засаг, улс төрийн харилцаагаа бэхжүүлэх зорилгоор сүүлийн долоон жилд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар амласан. Уг амлалтын үндсэн хэсэг болох таван тэрбум ам.долларыг хүртэх ёстой Папуа шинэ Гвиней одоогоор 402 саяыг нь ашиглаад байна. Хятадын Huawei компани Папуа Шинэ Гвинейн Telikom PNG компанитай 2013 онд өргөн зурвасын үндэсний сүлжээ байгуулах 200 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зуржээ. Шэньжэньд төвтэй компани гэрээний дагуу Папуа Шинэ Гвинейд өндөр хурдтай өргөн зурвасын интернэт сүлжээ байгуулна. Хятадын Экспорт, импортын Банкны санхүүжилтээр далайн гүнд тавих кабелиар тус улсын нийслэл Порт Морсби болон бусад таван хотыг хооронд нь холбоно. Энэтхэгийн болон Номхон далайн бүсэд дижитал холболт, кибер аюулгүй байдлыг нь тооцож үзсэн дэд бүтэц байгуулахад 113 сая ам.доллар зарцуулах тухай АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео долдугаар сард мэдэгдсэн юм.
Техник, технологийн туслалцаа, төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан кибер аюулгүй байдлыг сайжруулах, АНУ-ын технологийн компаниудад экспортын боломж бүрдүүлэх дэд бүтцийн төслүүдийг дэмжихээ Вашингтон ойлгууллаа. Бүс нутаг дахь Бээжингийн нөлөөг хязгаарлахад Австрали тэргүүлэх үүрэг гүйцэтгээд удаж байгаа. Тус улс Сиднейг Соломоны арлууд, Папуа Шинэ Гвинейтэй холбох далайн гүний кабель тавих ажлыг Huawei компаниар гүйцэтгүүлэхийг хориглосон. Уг ажлыг Huawei-н өрсөлдөгч Vocus хэмээх Австралийн холбооны компани 136 сая австрали доллар буюу 98 сая ам.доллараар гүйцэтгэхээр болжээ.
Дэлхийн харилцаа холбооны тоног төхөөрөмжийн тэргүүлэх нийлүүлэгч Huawei компани Австралийн мобайл операторуудыг 5G технологиор хангах нь үндэсний аюулгүй байдалд халтай гэсэн шалтгаанаар Канберра наймдугаар сард хориг тавьсан. Папуа Шинэ Гвинейн Манус арал дахь Ломбрум тэнгисийн цэргийн баазыг сайжруулж өгөхөөр тохиролцоод буй Канберра тус улстай хамтарч цэргийн бааз байгуулахаар яриа хэлэлцээ өрнүүлж байна. “Папуа Шинэ Гвинейн өргөн зурвасын сүлжээ нь АНУ, Австрали, Япон гурван талын оролцоот сангаас анх удаа төсөлд хөрөнгө оруулах боломж болж мэднэ” хэмээн Lowy Institute-ын шинжээч Жонатан Прайк өгүүлэв.