Г.Занданшатар: ЗТХЯ-ны дараагийн сайдын асуудал яригдаагүй
ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх асуудлаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас тодрууллаа.
-ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүний хүсэлтийг хүлээн авахгүй байх боломж бий юу?
-ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ёсзүйн хариуцлагаа хүлээж, албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Гэхдээ сайдын асуудал УИХ-аар шийдвэрлэгддэг. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-д өргөн мэдүүлэх журмын дагуу ажиллаж байна. Өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч байгаа учир Ерөнхийлөгчид зөвшилцөх бичиг хүргүүлсэн. Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 24-ний өдөр хариу бичиг илгээсэн. Үүнийг нь үндэслээд чуулган нээлтээ хийсэн өдөр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн өргөдлийг шийдвэрлэх тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
-ЗТХ-ийн дараагийн сайдын асуудал яригдаж эхэлсэн гэх мэдээ төрийн ордонд яваад байсан?
-Тийм зүйл байхгүй. Дараагийн сайдын асуудал яригдаагүй байна. Ерөнхийлөгчтэй ч зөвшилцөөгүй байгаа.
-Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг дунд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бий. Энэ асуудлыг намрын чуулганаар хэлэлцэж амжих болов уу?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж 67 гишүүн гарын үсэг зурсан байгаа.Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ Үндсэн хуулийн тогтолцоог өөрчлөх саналтай байгаагаа илэрхийлчихлээ. Бид "Цэгцрэх хөдөлгөөн" номондоо системийн хямрал, хариуцлагын хямралын талаар тодорхой бичсэн. Ер нь хэлэлцүүлэг, ард түмний санал асуулга, зөвлөгөөн, зөвлөлдөх уулзалт зэргээс өөрчлөх ёстой юм байна гэсэн ойлголцолд хүрч байгаадаа баяртай байна.