АН, МАН Хэнтий аймгийн нөхөн сонгуулийг хойшлуулсан ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж авахгүй гэв. Тэгвэл одоо яах вэ?
Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаас үзсэн. Уг шийдвэрийг гаргахдаа төрийн албан хаагч сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх тухай хуулийн заалтыг үндэс болгосон байдаг.
Угтаа бол УИХ-аас Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгуулийг энэ сарын эхний долоо хоногт зохион байгуулахаар товлосон байв. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж нөхөн сонгууль 2019 оны зургадугаар сарын сүүлийн долоо хоног хүртэл хойшилсон юм. Хуулийн дагуу Хэнтийн нөхөн сонгуулийг зургадугаар сараас өмнө зохион байгуулах ямар ч боломжгүй.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны энэхүү шийдвэрийг МАН, АН хэрхэн хүлээж авах талаар өөрсдийн байр, суурийг илэрхийлэлгүй хоёр сар өнгөрсний дараа сая нэг дуугарав. Тодруулбал, тус хоёр намын бүлэг Үндсэн хуулийн цэцээс гаргасан дээрх шийдвэрийг хүлээж авахгүй гэж өчигдөр мэдэгдлээ.
Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлэг “Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцээд, “УИХ-аас гаргасан шийдвэрийг Үндсэн хууль зөрчөөгүй учир Цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй” гэсэн бол
УИХ дахь АН-ын бүлэг “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч, Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгоод байгаа. Цэцийн энэ шийдвэрийг улс төрийн нөлөөнд орсон, захиалгат шийдвэр гэж үзэж байгаа. Эрх баригч нам 42 дугаар тойргийн сонгогчийн эрхийг зөрчсөн. Монголын нийт ард түмнийг доромжилсон шийдвэр гаргалаа. Үндсэн хуулийн цэц аливаа шийдвэрийг гаргахдаа Үндсэн хуулийг суурь зарчим, үзэл санаагаа хамгаалж шийдвэрээ гаргах учиртай. Түүнээс иргэнийг суурь эрхээс нь салгасан шийдвэр байх ёсгүй.
Цэцийн шийдвэрийн үндэслэлийн тухайд төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд оролцохоос тодорхой хугацааны өмнө чөлөөлөгдсөн байх ёстой гэдэг салбар хуулийн заалтыг баримталж шийдвэрээ гаргасан байна. Гэтэл энэ салбар хууль нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн хууль. Тэгээд ч Үндсэн хуулийн цэц салбар хуулийг барьж шийдвэр гаргадаггүй, Үндсэн хуулиа барьж шийдвэр гаргах ёстой. Тиймээс Үндсэн хуулийг цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй байгаа юм” гэсэн юм.
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дээрх шийдвэрийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Тэр өдрийн чуулганы хуралдаанаас ямар шийдвэр гарах нь тойм зургаар харагдаж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-аар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцээд хүлээж авахгүй байх шинжтэй болов.
Хүлээж авахгүй байлаа гэхэд дараагийн процесс мөн л Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар үргэлжилнэ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн дээд суудлын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг. Цэц дээд суудлын хуралдаанаараа дунд суудлын хуралдааны шийдвэрээ батлах нь мөн л тодорхой байгааг ажиглагчид хэлж байна.
Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн дээд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авах эсэхийг мөн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Чухам тэр үед УИХ-ын чуулганаас ямар шийдвэр гарах нь сонирхол татаж байгаа юм. Тодруулбал, тэр өдөр УИХ-ын гаргах шийдвэрээс шалтгаалж Хэнтийн 42-р тойрогт нөхөн сонгууль болох эсэх нь шийдэгдэх юм.
ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ГЭХ МЭДЭГДЛИЙН ЦААД УЧИР
Үүнээс гадна эргэлзээтэй, ээдрээтэй олон асуудал байна. Хоёр намын тэр дундаа МАН-ын бүлгийн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэсэн гэнэтийн мэдэгдэл ямар учиртай вэ гэдэг нь анхаарал татаж байна.
МАН дахь 32, 33-ын бүлгийн зодоон эхэлсэн үү, эсвэл тэс өөр улс төр эхэлж байна уу. Энэ тохиолдолд 32, 33-ын бүлгийн хэрүүл гэхээсээ илүүтэй МАН-ынхан нөхөн сонгуульд ялагдахаасаа айж Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт зориудаар нөлөөлсөн гэх нэг нэр, хоёр хочноосоо салахын тулд шинэ сценарийг зохиожээ гэж хардахад хүргэж байна.
Тэдний сценари нь Сонгуулийн шинэ хууль байж болох юм. Тодруулбал, намрын чуулганаар хэлэлцэх УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 85.3-т “Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэсэн заалт шинээр оруулжээ.
Тэгэхээр намрын чуулганы хугацаанд Хэнтийн нөхөн сонгуулийг товлосон УИХ-ын 62 дугаар тогтоолыг өөрчилж, нөхөн сонгуулийг 2019 оны долдугаар сард товлоод, дараагаар нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталбал, шинэ төслийн 85.3-т заасанчлан Хэнтий аймагт нөхөн сонгууль болохгүй байх магадлалтай байгаа юм.
Хэрвээ энэхүү шинэ хуулийн дагуу Хэнтийн нөхөн сонгуулийн асуудлыг шийдвэрлэвэл МАН-ынхан муу нэр, муухай хочгүй үлдэх юм. Учир нь хуулийн дагуу л асуудлыг шийдвэрлэсэн болно шүү дээ.