2019 оны төсөв: Зарлагаа 2.5 их наядаар нэмэгдүүлж, алдагдлаа 500 тэрбумаар бууруулан тооцжээ
Засгийн газраас 2019 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Төсвийг ирэх сарын 15-ны дотор эцэслэн батлах учиртай. Төсвийн төсөл өчигдөр гишүүдэд хэвлэмэл байдлаар тараагдсан бөгөөд гишүүд тойрогт хуваарлигдсан төсвүүдээ нягталж, ирэх долоо хоногоос жинхэнэ утгаараа Сангийн сайдыг “хормойдон” дагах ажлаа эхлүүлнэ.
2019 онд эдийн засаг харьцангуй сайн сэргэх учир Засгийн газар мөрийн хөтөлбөрөө биелүүлэх, гишүүд тойрогтоо бүтээн байгуулалт тавихыг чухалчлах нь тодорхой. Энэ хэрээр Сангийн яамны хэдэн сар нухаж байж боосон төсөв задрах, хэлэлцүүлгийн явцад өнгө төрхөө өөрчлөх магадлал өндөр билээ. Төсвийн хэлэлцүүлгийн явцад бүр болохгүй бол зарим сайд нарыг “шүд сугалах замаар түүнэ” гэж сүрдүүлж байгаад, тойрогтоо мөнгө авна гэсэн гишүүд ч эрх баригч нам дотор тааралдаж байгаа юм.
-ТӨСВИЙН ОРЛОГЫГ 2018 ОНЫХООС 2.5 ИХ НАЯДААР ӨСГӨН ТООЦЖЭЭ-
Ингээд сонгуулийн жил ойртож буйтай холбогдуулан, эрх баригч нам дотор жинхэнэ гал гаргах 2019 оны төсвийн төслөөс зарим мэдээллийг багцлан хүргэж байна. Сангийн яамнаас 2019 оны төсвийн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум, зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум, алдагдлыг 1 их наяд 913.3 тэрбум төгрөг байхаар төсөөлөөд байна.
2018 оны төсвийн зарлага 9.6 их наяд төгрөг байв. Харин 2019 онд төсвийн зарлага 1.9 их наяд орчим төгрөгөөр нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Зарлагаа ингэж өсгөсөн тул орлогоо мөнхүү 2.5 их наяд төгрөгөөр өсгөн тооцоолжээ. Орлогын төсөөллийг бодит гаргахгүйгээр хэрэглээндээ тааруулж, мөрөөдлийн үнэ тавьдаг учраас төсвийн алдагдал өсдөг гэсэн нийтлэг шүүмжлэл бий.
Ирэх онд төсвийн орлогын 88.7 хувийг татварын орлогоор бүрдүүлэхээр зорьсон байна. Тодруулж хэлбэл, 2019 онд 8.5 их наяд төгрөгийг татвараас олно гэж төсөөлжээ. Үүнийг нарийвчилвал, 23.5 хувийг орлогын албан татвараар, 19.8 хувийг нийгмийн даатгалын шимтгэлийн орлогоор, 27 хувийг нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоор, 9.8 хувийг онцгой албан татварын орлогоор, 19.9 хувийг бусад байдлаар цуглуулахаар тооцсон байна.
Бас нэг сонирхолтой байгаа нь, 2019 онд уул уурхайн салбараас 3 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөжээ. Энэ нь 2018 оноос даруй 1.3 их наяд төгрөгөөр өссөн дүн юм. Уул уурхайн салбараас олох орлого нийт төсвийн зарлагын 27.1 хувийн эзэлж байна. Ирэх онд нэг тоноо зэсийн үнийг 6.222.2 ам.доллар, нүүрсний үнийг 75.9 ам.доллараар тооцсон нь маш өөдрөг төсөөлөл юм.
ЦАЛИНГИЙН ЗАРДЛАА 418 ТЭРБУМААР ӨСГӨЖ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛД
115 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ
Нийт урсгал зардлыг бүтцийн хувьд авч үзвэл цалин хөлс 27 хувь, бараа үйлчилгээний бусад зардал 22 хувь, зээлийн хүүгийн зардал 11 хувь, татаас ба урсгал шилжүүлгийн зардал 41 хувийг тус тус эзэлж байна. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр яригдаж буй. Ингэснээр ирэх онд цалингийн сан нийтдээ 418 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд нийт 119 тэрбум төгрөг суулгаж өгсөн байна. Мөн МСҮТ-д суралцагчдад сар бүр 100 мянган төгрөг олгохоор тооцож, 41 тэрбум төгрөг суулгажээ. Нийгмийн халамж, цалин нэмэгдүүлэх чиглэлд тусгасан эдгээр зардлууд иргэдийн амьдралд бодит байдлаар нөлөөлөх үү. Инфляцийн өсөлтөө хазаарлаж чадах уу гэдэг асуудал ирэх онд таавар хэвээр үлдэж байна.
Улмаар төрийн албаны данхайсан бүтцээ ирэх онд цөөлөх асуудал төсөвт огт тусгагдаагүй байгаа нь анхаарал татна. Төрийн албаны бүтэц хасагдахгүй харин 2.1 мянган хүнээр нэмэгдэж, 60.2 тэрбум төгрөг нэмж суулгах шаардлага үүсчээ. Төсвийн ачааллаа нэмэгдүүлж, зардлаа өсгөсөн мөртлөө ипотекийн зээлийн санхүүжилдтэд ердөө 115 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Тэгэхээр ирэх онд ипотек дахиад л нэр төдий үргэлжлэн гэсэн үг. Арилжааны банкууд “Ипотекийн зээл олгохгүй байгаа” хэмээн энгийн иргэдийг буцааж, энэ төрлийн зээл улам далд хэлбэр лүү улам гүн шигдэхээр байна.