Дэлхийн худалдааны зөрчил хурцдахын хэрээр Японы машин үйлдвэрлэгчдийг үүл бүрхэж буй хэдий ч Toyota Хятад руу хүчтэй түрэлт хийхээр зэхэж байна. Дэлхийн хамгийн том автомашины зах зээлд байр сууриа бэхжүүлэхийн тулд Японы топ авто үйлвэрлэгч гибрид машиныхаа технологи ба ноу хауг бээжингийн хүсэлтээр хуваалцах талаар ярилцаж буйг эх сурвалж хэллээ. Өнгөрсөн арван жилд хөгжлийг хөтлөгч байсан Америкийн зах зээл суларч буй үед Toyota болон Японы бусад авто үйлдвэрлэгчид Хятадад үйлдвэрлэл ба борлуулалтаа өсгөхөөр төлөвлөжээ.
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг өөрчилж, Европ, Хятад, магадгүй Японоос ирэх машины импортын тарифыг нэмэх бодолтой байгаа нь хангалтын системийг эвдэж, өртөг зардлыг өсгөх нь бараг гарцаагүй гэж тэд тооцож байгаа. Гэвч шинжээчдийн ярьснаар худалдааны дайны явцад алтан дундажийг олж чадсан цөөн авто үйлдвэрлэгчийн нэг нь Toyota гэж үнэлжээ. Японд угсардаг тансаг зэрэглэлийн Lexus машины Хятад дахь борлуулалт наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 59 хувь өсөж, 18000 ширхэгт хүрчээ.
Энэ нь бээжин АНУ-ын шаардлагаар машины импортын татвараа бууруулсан үетэй давхацсан байна. АНУ-тай худалдааны зөрчлийн улмаас Хятад даяар суудлын тэрэгний борлуулалт гурван сар дараалан буурсан бол Toyota-гийн нийт борлуулалт өнгөрсөн сард 23 хувиар нэмэгдэв. Хятадад үйлдвэртэй бусад үйлдвэрлэгчээс Nissan-ы борлуулалт саарч дөрвөн хувьтай гарсан бол Volkswagen-ых 3.2, Ford-ынх 36 хувиар уналаа. Тайланд зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудад хүчтэй байр суурьтай Toyota Хятадад гол өрсөлдөгч VW, General Motors-ын араас явдаг байв. Хятад дахь тэлэлт нь АНУ-ын протекционост бодлогоос үүдэлтэй гэх тайлбарыг тус компани няцаасан боловч шинжээчид шилжилт цаг үеэ олсныг онцоллоо. Credit Suisse банкны шинжээчМасахиро Акита “АНУ-д борлуулалт огцом буурсан үед Toyota Хятад руу шилжих нь зайлшгүй. Энэ нь Японд гурван сая машин үйлдвэрлэх тэдний зорилтод нийцэж байгаа” хэмээн тайлбарлав. Хятад, АНУ-ын худалдааны зөрчил GM, Fordын борлуулалтад цохилт болж байгаа бол Хятадын зах зээлд Toyota-гийн эзлэх жин 4.9 хувиас 2019 онд 5.2 хувь болж өсөх төлөвтэй байгаа.
Харин Honda ба Nissan-ы байр суурь 6.1 ба 6.5 хувь болж нэмэгдэх таамаг бий. Хятад улс 2025 он гэхэд дэлхийд бүрэн цахилгаан машинаар тэргүүлэх том зорилт тавьсан.Гэхдээ бензин цахилгаан хосолсон технологи агаарын бохирдлыг бууруулахад тустайг сайн ойлгож байгаа учир бээжингийн зохицуулагчид Pruis-ийг үйлдвэрлэгчтэй нягт харилцаа тогтоохыг эрмэлзэж буй. Түүнчлэн анын худалдааны шахалтын үед Хятад, Японы харилцаа сайжирч байгаа нь Toyota-д дэм болж байна. Тавдугаар сард Хятадын Ерөнхий сайд Ли Көцян сүүлийн таван жилд анх удаа Японд айлчлав. Тэрбээр энд Toyota компанийн ерөнхий захирал Акио Тоёодатай уулзжээ. Компанийн нэг захирал “Урьд нь бид технолгио алдана гэж айдаг байсан. Одоо бол Хятадтай тодорхой түвшинд итгэлцэл бий болсон” хэмээн ярилаа. Үүний сацуу Ерөнхийлөгч Трамп машин ба эд ангийн импортод 25 хувийн тариф тогтоох амлалтаа хэрэгжүүлэхээс Японы авто үйлдвэрлэгчид эмээж буй. Японы нэгэн үйлдвэрлэгчийн захирал “АНУ, Японы хоёр талын худалдааны хэлэлцээ яаж төгсөх нь болгоомжлол төрүүлж байгаа. Бидний таамгаар 10 хувь дээр тогтож магадгүй ч чухам ямар үр дүн гарахыг мэдэх юм алга” гэжээ. Хэрэв 25 хувийн тариф тогтоовол Toyota-гийн үйл ажиллагааны ашиг 11 хувиар буурах ба харин Японы бусад үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болно гэж шинжээчид таамагласан байна.