Удахгүй мянга мянган өт сансарт ниснэ
Өтнүүд манай гариг дээр тийм ч их хүндлэл хүлээдэггүй билээ. Тэгвэл тэд удахгүй мянга мянгаараа Олон улсын сансрын станц дээр очиж, шинжлэх ухааны төлөө “зүтгэх” юм байна.
Учир нь “Молекулын булчингийн туршилт” гэх төслийн хүрээнд маш олон микроскопын өтнүүдийг орбитын лабротори руу илгээх аж. Энэ нь эрдэмтэд булчингийн эс дэлхий дээр болон сансарт хэрхэн өсч, хөгждөгийг мэдэх зорилготой юм байна. Учир нь өтний биеийн бүтэц нь хүний булчин, түүний үйл ажиллагаатай маш төстэй аж.
Өтнүүдийг хий нэвтрүүлдэг хүнсний бактерийн уутанд битүүмжлэн, сансрын станцид хүргэх гэнэ. Мөн станцид тэдэнд зориулсан жижигхэн амьдрах орчин бий болгох юм байна.
Энэхүү төсөл дээр ажиллаж байгаа Их Британийн Эксэтэрийн их сургуулийн булчингийн хөгжил судлаач Тим Этерижид “Өт нь молекулын түвшинд, бүтэц болон метаболизмоороо хүн төрөлхтөнтэй маш төстэй. Жижигхэн, хурдан өсдөг, хямд, хадгалахад хялбар тул тэдэн дээр туршилт хийх нь хамгийн зөв арга” гэж хэлжээ.
Дээр дурьдсанчлан өт маш хурдан өсдөг тул энэхүү туршилтыг хийхэд ердөө ганц долоо хоног л хангалттай гэнэ. Өтнүүд сансарт нас бие гүйцэн өсч, хөгжсөний дараа тэднийг хөлдөөн, дэлхий дээрх лабратори руу дахин туршилт хийхээр авчрах юм байна.
Судлаачид сансарт хийсэн энэ туршилт нь булчингийн хөгжил, сулралын талаар үнэн зөв, нарийн тодорхой мэдээлэл өгч чадна гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Тухайлбал, сансарт ниссэн хүмүүсийн булчингийн масс зургаан сарын дотор 40 хувиар нэмэгддэгийн шалтгаан гэх мэт. Ингэснээр ирээдүйд сар, ангараг зэрэг гаригт буусан сансрын нисэгчдийг булчингийн сулралаас хэрхэн хамгаалах талаар чухал мэдээлэл олоход тустай гэнэ.
Мөн энэ туршилт нь сансарт нисээгүй хүмүүст ч үр дүнгээ үзүүлнэ гэв. Учир нь сансарт ниссэн хүмүүсийн булчингийн сулрал нь, дэлхий дээрх хүмүүсийн хөгшрөлттэй адилхан байдаг аж.
Булчингийн дистрофи болон чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд булчингийн сулрал нь бас нэг асуудал болдог байна. Эдгээрийг шийдвэрлэхэд нь энэхүү төсөл үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна гэжээ.
Туршилтад орох өтнүүд ирэх арваннэгдүгээр сараас эхлэн SpaceX-ийн Драгон хөлгөөр сансрын станц руу нисэх гэнэ.
Мөн өмнө нь АНУ-ын Тафтсын их сургуулийн судлаачид “Dugesia japonica” төрлийн өтийг олон улсын сансрын станц руу таван долоо хоногийн хугацаатай явуулж байсан аж. Тухайн үед эрдэмтэд гео соронзон талбайн үйлчлэл, гравитацийн хүч байхгүй нөхцөлд хавтгай өт үржих эсэх, эх дэлхий рүүгээ буцах үед хөгжилд нь өөрчлөлт орох эсэхийг судалсан байна. Энэхүү судалгааны үр дүнд туршилтад орсон өтнүүдийн нэг нь хоёр толгойтой болоод ирж байжээ.