Хакүхо аавынхаа эхлүүлсэн ”Их шавь” дэвжээг өргөжүүлэн шинэ байртай болголоо
Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо 41 дэх түрүү хүртсэнийхээ дараа Монгол руугаа яаран ирсэн нь Дархан аварга, Монголын ард түмний хайртай бөх Жигжидийн Мөнхбатын үүсгэн байгуулсан бөхийн нэгэн сайхан өргөөний үйл хэргийг өргөтгөхтэй холбоотой байжээ.
Монголын хүчит бөхчүүд, агуу тамирчид төрөн гарсан, бөхийн эрдэм, ухаан, хүч бяр, сургалтын уурхай болсон “Их шавь” дэвжээ өнөөдрөөс эхлэн шинэ байртай, шинэ үйл ажиллагаатай болж өргөжин тэллээ.
Дархан аварга Жигжидийн Мөнхбатын үүсгэн байгуулсан “Их шавь” спорт сургалтын төвийн шинэ байрны нээлтэд үе үеийн олимпийн медальтнууд, үндэсний бөхийн аваргууд, жүдо, самбо, чөлөөт бөхийн холбоод, тус сургуулийн төгсөгчид болох спортын алдартнууд оролцож, хүндэтгэл илэрхийлсэн юм.