“Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Цагаан ордноос урилаа” гэсэн гарчиг бүхий мэдээлэл түүнийг АНУ руу мордсон даруйд цацагдаж эхэлсэн. Дараа нь олон хүн бужигнасан хурал дунд АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай гар барьсан зургийг нь албан мэдээнд хавчуулж нийтлэв. Улмаар хэвлэлийн төлөөлөгч нь “Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай уулзлаа” гээд нүүр хуудсаараа зарлачихаж байгаа юм.
Мэдээж туслах, зөвлөхүүдийнх нь гаргасан энэ алдаа Ерөнхий сайдад шууд утгаараа хамаарахгүй. Гэвч түүний АНУ-д хийсэн айлчлал нэг тийм сүржин агуулгатай, даржин болж өнгөрлөө. Айлчлалын ганц гялайж гялтайх зүйл нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын “Мянганы сорилтын сан” хоорондын компакт гэрээний хүрээнд орж ирэх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн асуудлыг эцэслэсэн явдал байлаа.
Гэхдээ энэ нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед гэнэт яриад шийдэгдчихэж байгаа асуудал биш юм. Уг гэрээний араас хэл ус, мэдлэг чадвар төгс байдлаараа “АСЕМ-ын зочдыг алмайруулсан” гэгддэг Э.Содонтогос уйгагүй хөөцөлдсөн. Бүр 2014 оноос эхлэн хөөцөлдсөн ажлуудын нэг билээ.
Уг санхүүжилтийг Улаанбаатар хотын ундны усан хангамжийг сайжруулах хөтөлбөрт зарцуулахаар анхнаас нь хөөцөлдөж эхэлсэн байдаг. Компакт гэрээ учраас Ерөнхий сайд АНУ-д айлчлах үеэрээ баталгаажуулж, УИХ-аар оруулан батлуулах учиртай. Яг үнэн хэрэгтээ ундны усанд уг буцалтгүй тусламжийг зарцуулна гэсэн санаа У.Хүрэлсүхийн толгойноос гарчихаагүй гэсэн үг. Ингэж түүнд нааж, пиар хийж чадаж байгаа нь харин сайн хэрэг билээ.
Айлчлалын хүрээнд яригдсан дараачийн арай дажгүй асуудал нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүн ноён Дан Салливантай уулзах үеэр илэрхийлэгдсэн Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг тус улсад татваргүй нэвтрүүлэх асуудлаар Сенатын танхимд танилцуулгад оролцох явдал байв.
Дэлхийд ноолуурын чанараараа гайхагддаг манайх шиг улсад энэ асуудал АНУ-ын конгрессоор зөвшөөрөгдчихвөл эдийн засгийн хувьд маш их ашигтай. Шууд байдлаар дотоодын үйлдвэрлэгчдэд үр өгөөжөө өгч, монгол ноолуур дэлхийд илүү өргөн хүрээтэй гарч эхлэх боломж бүрдэнэ. Гэхдээ энэ бас л У.Хүрэлсүхийн Засгийн газрын сэдэл санаачлага биш. Ерөнхийлөгч Х.Баттулга “автор”-тай ажил билээ.
Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Дэлхийн банкны Ерөнхийлөгч, ОУВС-гийн захирал зэрэг эрхмүүдтэй уулзсан. Тэдний энэ талаарх жиргээг айлчлалын багийнхан мэдээллийн сайтууд дахь мэдээнд хавчуулах зэргээр хөөрхөн сүржин мэдээлчихэж байгаа юм.
Сошиал орчинд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалыг “Цохны бүтээлэг дэвссэн ширээнд гарын үсэг зурууллаа. Улсын туг ч алга. Америкчууд түүнийг тоосонгүй” гэхчилэн шүүмжилсэн нь басхүү үнэний ортой мэт.
Нөхцөл байдал ийм байхад Засгийн газрын гишүүд алдарт Харандаан барилгын өмнөх талбайд сельфидсэн зургаа нийтлэн, маш их ажил амжуулж яваагаа учирлаж, алба амины зургаа ч ялгахгүй, гэнэ алдах жишээтэй. Товчхондоо Ерөнхий сайдын айлчлалын үеэр хөвөгч масс руу чиглүүлж, хэт сүржин агуулгатай мэдээллээр баахан бөмбөгдсөн ч онцлоод хэлэх тоймтой, шинэ ажил яригдсангүй. Нэг тийм даржин байлаа.