Таны гар утсыг сансрын хөлөг болгох аппликейшн
Ихэнх хүмүүс тэнгэрийн оддын байрлал нэг л янзаараа байдаг гэж боддог. Гэвч үнэндээ огторгуйн бүх зүйлс хөдөлгөөнд оршдог. Тухайлбал, нар галактикийг тойрохдоо яг л хүүхдийн парк дээрх морин тойруулга шиг дээш доош, аажим аажмаар эргэлдэн тойрдог байна. Харин галактикийн одод бие биенийхээ татах хүчний нөлөөгөөр байрлалаа өөрчлөн, хөдөлдөг ажээ. Тиймээс өнөөгийн оддын байрлал нь түүхэнд тэмдэглэн үлдээснээс өөр байдаг байна.
Тэгвэл одон орон сонирхдог хүмүүст зориулсан, оддын хөдөлгөөнийг ажигладаг гар утасны аппликэйшн олон байдаг. Эдгээр нь эрчимтэй хөдөлгөөнд байгаа оддыг тодотгон харуулдаг юм байна. Мөн бидний одоо харж буй одод хүн анх үүсэх үед ямар байсан, түүнчлэн ирээдүйд хэрхэн өөрчлөгдөхийг харуулах аж.
Гаиа сансрын телескоп
Одод сансарт аль ч чиглэлд хөдлөн шилжиж чаддаг тул байрлал нь яаж ч өөрчлөгдөж болно. Энэ тохиолдолд одон орон судлаачид оддын байрлалын зурганд өөрчлөлт оруулах хэрэгтэй болдог аж.
Тиймээс одон орончид таван жил тутамд оддын байрлалыг харуулсан каталоги, диаграммуудыг тогтмол шинэчилж, дахин гаргадаг байна. Харин сүүлийн үед дижитал, онлайн оддын каталогийг гарган, шинэчлэх болжээ.
Одон орон судлалын гар утасны аппликейшн нь тэрхүү дижитал катлогийг тогтмол татаж, хэрэглэгчийн санал болгосон он жилийн дагуу оддын байрлал ямар байсныг харуулдаг байна.
Оддын хөдөлгөөнийг илүү нарийвчлалтайгаар харуулахын тулд судлаачид сансар луу олон янзын сансрын хөлөг илгээжээ. Жишээ нь, Хиппаркос сансрын хөлгийг эрдэмтэд галактикийг илүү сайн ажиглах үүднээс оддын байрлалыг нарийвчлан хэмжихээр тохируулсан байна.
Мөн сүүлд Гаиа хэмээх хөлгөөр тэрбум оддыг нарийвчлан хэмжжээ. Энэхүү мэдээлэл нь удахгүй одон орон судлалын аппликейшнүүдэд нэмэгдэх юм байна.
Бяцхан түүх
Одоогийн 88 одны ордын ихэнх нь Вавилоны одон орон судлалын үеэс гаралтай ажээ.
Ойролцоогоор ХТӨ1370 оны үед эртний одон орон судлаачид одод болон тэдний хоорондын харилцан үйлчлэлийг тэмдэглэснээр хамгийн анхны оддын каталогийг бий болгосон түүхтэй.
Гэвч Вавилон хүмүүсийн үзэж, тэмдэглэсэн оддын байрлал өдгөө өөрчлөгдсөн бөгөөд ихэнх тохиолдолд мэдэгдэхүйц өөрчлөгдсөн байна.
Ашиглаж болох аппликейшнууд
Тэгвэл энэхүү өөрчлөлт, өнөөгийн байдал зэргийг SkySafari 6, Stellarium Mobile болон Star Walk 2 гээд дурын аппликейшнуудыг ашиглан харж болох гэнэ. Харин эдгээрийн дотроос SkySafari 6 аппликейшн нь ашиглахад илүү хялбар аж.
Өнгөрсөн ба ирээдүйг харах
Энэхүү аппликейшнээр дамжуулж Вавилончуудын үед тэнгэрийн одод хэрхэн харагддаг байсан, эсвэл ирээдүйд бидний үр хойчид яаж харагдахыг ч мэдэж болно. Өнгөрсөн ба ирээдүйгээр аяласныхаа дараа ердөө “Now” гэх ганцхан товчлуур дараад л оддыг одоо байгаагаар нь харах боломжтой аж.
Хурдацтай шилжиж байгаа оддыг ажиглах
"Том баавгай" одны ордын өөрчлөлт
Жил жилээр харах
Бид одон орны аппликейшнуудыг ашиглан хөдөлгөөнд байгаа одууд жилийн жилд байрлалаа хэрхэн өөрчлөснийг харж болно.
Жишээлбэл, Нарнаас ердөө 6 гэрлийн жилийн зайд орших Барнардын од. АНУ-ын одон орон судлаач Э.Э.Барнард 1919 онд энэхүү одыг нарны ойролцоох хамгийн хурдацтай хөдөлгөөнд байгаа од гэдгийг тодорхойлсон тул түүний нэрээр нэрлэжээ. Энэ одны хөдөлгөөнийг жил жилээр нь харах боломжтой.
Энэ мэтчилэн сансрын уудмаар аялаж, одон орныг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд харахыг хүсвэл дээрх аппликейшнуудыг гар утсандаа суулган ашиглаарай.