Санаа...
Нарийн төмөр зам тавьж, танк их буунд сүйрэх аюулаас хэн хэн аварлаа. Эгийн голын УЦС-ын гамшгаас Байгал нуурыг хэн хэн хамгаалав. Сая таван зуун мянган хавтгай дөрвөлжин км нутагтаа ДЦС V-ыг барих дов өгөлгүй 20 гаруй жил хэн хэн гэгч баатрууд тэмцлээ. Лам хуваргаар ерөөл дүнгэнүүлж хадаг цай өдий төдий газар булж, тэр болгонд тэрбум тэрбумаар зохиосон ТЭЗҮ-үүд хоосон үрэгдлээ гэж гашуудах ёсгүй.
Энэ чинь барууны болон инээсэн хятадын залигах төслөөс эх орноо аварсан баатарлаг үйлс. М.Энхсайхан Таван толгойн ДЦС-ыг харийханд найр тавин бэлэглэснийг хэн буцаалаа. Эдийн засгийн алуурчдаас авардаг баатруудаа бид Их хурал, Засгийн газартаа ямагт залдаг.
Эдүгээ Багануурт баригдаж буй ДЦС-ын аюулаас аврахаар Ц.Даваасүрэн сайд, “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн Л.Мөнхбаяр хоёр хэрхэн шамдаж байгааг хар. Хоёр эх оронч маань Багануурын ДЦС баригдвал Хятадын арми хяналтаа тогтоож, 5000 хужаа бүхий хятад тосгон үүсч, ах нарын барьж өгсөн нийслэл дэх ТЭЦ-үүд асар өндөр хятад тогонд навс цохиулж бүгд шатна гэх ухааны ухуулга олонтаа цацаж эх оронч царайлав. Хөвсгөл Завханы бөглүүд хүрэн нүүрсний орд түшиглэн хэдэн монгол залуу (мөнгө нь хүрээгүйгээс хятадуудтай хамтарч) станц барьж, орон нутгаа тогтой болгосноор орос цахилгаанд төлдөг валютаа нутагтаа шингээх гэсэн төслийг Ц.Даваасүрэн гацааж Хятадад эзлэгдэх эрсдэлийг зайлуулсан гавъяатай гишүүн гэгдсэн авч 20 жилийн дараа Тэлмэн сумандаа нөгөө станцаа барихаар хорин насаар хөгширсөн ахимаг эрс дахиад л тууз хайчиллаа. Хоёр дахь удаагаа тууз хайчилж буй эл станцашиглалтад ортол хэдэн жилийг үднэ. Монгол нь монголоо хөөрхөн дөнгөсөн байгаа биз. Гацаанаас хэн хожив гэвэл оросууд цахилгаанаа 30 жил шахахаар үлдлээ. Хэн хохиров гэвэл монголчууд. Станц ч үгүй, импортын дэлхийд байхгүй өндөр үнэтэй цахилгаанд шулуулсаар хоцров. Хөрөнгө оруулалт хөөдөг туршлагаараа Ц.Даваасүрэн сая Багануурын ДЦС-ыг түвэггүй зогсоов. Сайдын титэмтэй гишүүн зангарагтай байхаас ч яах билээ.
Хүний насжилт дунджаар 60-65 гэвэл ДЦС-ын насжилт 25 гэж амьдрал тогтоожээ. Манай ДЦС-ууд 40-өөс 50 жил ажилласан. Хүнээр бол манай станцууд 140-150 нас зооглоод буй хөгшид юмсанж. Оросууд биднийг дулааны болон усан цахилгаан станцууд шинээр барихын оронд 140-150 настай буурай нарынхаа зүрх, уушиг, бөөр, ходоод, тархийг соль гэж 100 тэрбум рублийн өндөр хүүтэй зээл өгөв. Үхэжсэн орос станцуудын цогцост шилжүүлэн суулгахад таарсан донор эрхтэнүүд зөвхөн Оросод байдаг бөгөөд хоцрогдсон орос технологиор үйлдсэн эд анги дорхноо эвдэрч дахин ахин авч ядуу бидний валют хойшоо урсдаг. Манийг ийм арчаагүй түвшинд байнга дарж байхын тулд өндөр чадамжтай орчин үеийн технологиор эрчим хүчний эх үүсвэр шинээр бариулдаггүй юм. Ц.Даваасүрэн сайд хагалбар хийхээр ханцуй шамлаж байна. Хагалбар амжилттай болох нь мэдээж. Харин 140-150 настай хөгшид минь хагалгаагаа даагаасай. Дундаж насжилтаасаа хоёр дахин урт сүүдэр зооглосон хөгшин станцуудыг гадаад дотоодын докторууд шинжлээд үхэх цаг нь хэтэрчихэж. 40 градусын хүйтний оргил ачааллынхаа үед гарцаагүй дэлбэрнэ гэж сануулсан ч манай эрх баригчид эрдэмтдийн үгэнд ордог жижиг гарууд биш билээ. Хөгшин станцууд эцэстээ тулаад амьсгал хурааж, хот даяараа хөлдөх аюул нүүрлэсэн цаг үед Багануурын ДЦС-ыг зогсоосныг ямар САНАА гэх вэ? Хөлдөх агшинд Оросууд агаарын шугамаараа цахилгаан өгч аврах, найрамдал-дружбад нэмэртэй ч мань хэдэн зоосны өрөнд унах бол? Үүний төлөө л сайд маань зүтгээд явах шиг. Өөрийн төлөө бус өрөөлийн төлөө. Үр сад гэсэндээ гайхаж гомдсондоо өвгөн би муухай үг унагав уучлаарай.
Гацаагч хоч хүртээд буй Ц.Даваасүрэн сайд, “Нэгдсэн Монгол” ТББ-ын дарга Л.Мөнхбаяр хоёр бодит байдлыг багцаагүй гуйвуулж цацсаныг “Үндэсний шуудан” сонины 2018-09-17-ны дугаар илчлэв. Б.Болор, Д.Мягмар хоёр эртхэн дуугарсан бол Багануурын станцын ажил зогсоогүй ч байж мэдэх харамсал төрүүлэв. Тэдний бичсэнийг дор утгачилъя:
Цахилгаан станцууд оргил ачааллын үед бүх чадлаа шавхаж, Оросоос авдаг өндөр үнэтэй цахилгаанаа нэмсээр, нөхөх үүсвэр-зуух трубингүй ч нүүрсээ нүдээ аньж өрдсөөр осол гарах хутагны ирэн дээр өвөлжсөн. Эрчим хүчний доголдлыг хаах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах маш чухал төсөл бол Багануурын станц! Гэтэл сайд нь зогсоочихсон. Саяын тэг зогсолт тэсгим өвөл гарч балрах эрсдэл айсуйг Эрчим хүчний сайдаас илүү тод хардаг хүн Монголд байхгүй.
Уг төслийн нийт өртөг 1,2 тэрбум ам. доллар. Барих-ашиглах-шилжүүлэх гэрээг 2015 онд хөрөнгө оруулагч талтай үзэглэсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс 25 жилийн дараа Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэх юм. Технологийн хувьд хүчин чадлаа 140 МВт хүртэл бууруулан маневрлан цохицуулах боломжтой 350 МВт-ын хоёр трубин суурилуулахаар төлөвлөж суурийг нь цутгачихсан. Гэрээт хугацаа дуусмагц нэг ч төгрөг төлөлгүйгээр өөрийн мэдэлдээ авахаас гадна 1,2 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалтад ямар нэг баталгаа гаргахгүй гэдгийг хатуу гэрээлчихсэн. Тодруулбал концессын гэрээнд Монгол улсын Засгийн газраас ямар нэгэн баталгаа шаардахгүй гэх заалтыг тусгаад өгчихөж. Мөн худалдах, худалдан авах гэрээнд тусгаснаар станц ашиглалтад орсноос хойш эхний 1-4 жилд 220 МВт-ыг нэг блокоор нийлүүлнэ.
Тав дахь жилээс хоёр блокыг тус бүр 220 МВт-аар, зургаа дахь жилд тус бүр 245 МВт-аар шат дараатай нийлүүлэх уяан хатан нөхцөлийг гэрээнд зааж өгчээ. Арван жилийн дараа буюу 2028 онд блок тус бүр нь 315 МВт-аар ажиллаж эхлэх юм. Өөрөөр хэлбэл ашиглалтад ормогцоо эрчим хүчний салбарт нийлүүлэлтийн илүүдэл үүсгэж, цахилгаан худалдах, худалдан авах талаар маргаан үүсгэхгүй гэсэн үг. Энэ нь технологийн хувьд нэг шат ахиулах дэвшил, бас цахилгааны найдвартай аюулгүй ажиллагааг ойрын таван жилдээ хангах шинэ эх үүсвэр юм.
Тус станц нэг кВт цахилгааныг өдгөө ОХУ-аас импортолж буй цахилгааны тарифаас хямд үнээр Төвийн бүсэд нийлүүлэх нөхцөл тавьсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос Багануурын ДЦС-ын эрчим хүч борлуулах гарааны үнийг 6,3 цент байхаар баталсан. Тэгвэл 2016 оны байдлаар импортын цахилгааны дундаж тариф 8,2 цент байгаа нь Багануурын цахилгаан станцын нийлүүлэх үнээс хамаагүй өндрийг харуулна. 21 жилийн хугацаанд үсрээд 70 сая тонн нүүрс хэрэглэнэ. 812 сая тоннын нөөцтэй уурхайнхаа аман дээр станц байгуулж чадвал мөн ч ашигтай яа. (Ийм төслийг гацаах гэж зүтгэдэг сайд мөн цэвдэг ээ).
Хөрөнгө оруулагч тал 214 сая ам. доллар нэгэнт зарцуулжээ. Монгол улсын хөдөлмөрийн хууль, Засгийн газраас олгодог гадаад ажилчдын квотын дагуу Хятад ажилчдын тоо хязгаартай агаад ажиллагчдын 90 хувьд монголчууд ажиллана гээд гэрээгээр тохирчээ. (Юун 5000 хужаа, юун Хятадын арми вэ? Хүчдэлээ маневрлан тохируулах боломжтой атал юун аваар вэ сайд аа?) Багануурын өндөр хүчин чадалтай ДЦС Хятадын эрхшээлд унагана гэж айлгах санаатай. Даяаршлын зуунд үеэ өнгөрөөсөн ийм болхи сурталд хэн ч хууртахаа больсон.
Айлаар бариулсан өртгөө бүрэн төлсөн нөхцөлд гэрээ ёсоор станц зуун хувь манайд шилжинэ. Түлдэг нүүрс нутгийнх. Манай ТЭЦ-үүдийг Орос бариад төлбөрөө гүйцэд авчихсан учир Оросын эрхшээлд орно гэж зүүдлээгүй. Гэтэл эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэж, хэрэглээгээ өөрсдөө хангах оролдлогуудыг маань гацааж, өндөр үнэтэй цахилгаанаа хүчээр шахах эрхшээлээсээ гаргадаггүй аж. Харин Хятад эрчим хүчээ манайд шахах нөхцөл үүсвэл эрхшээлийн тухай болгоомжлох нь зүй.
Эхийг эцээж тугалыг тураагаагүй дээр цухас дурдсан боломжийн гэрээг Ц.Даваасүрэн сайд битүү утгаар Монголыг сүйрүүлэх гамшиг гэж мушгасан нь түвэггүй тайлагдав. Их л том ашиг сонирхол ингэж багцаагүй залахад хүргэнэ дээ. Олигархи Дерипаска хувийн УЦС-уудынхаа эрчим хүчийг өөрийндөө борлуулдгаас манайд 9 дахин өсгөж шахдаг шуналыг Ц.Даваасүрэн сайдын эрчим хүчний талаарх олон гацаа дэмжээд буй нь Оросод хайртай монголчууд эсэргүүцэхгүйг тооцсон бизнес биз. Багануурын ДЦС ядуу бидэнд амин чухал, харин эрчим хүчээ өндөр үнээр олон жил шахах хүсэлтэй Оросын олигархиудад халтай станц болж таарав. Ийм станц Ц.Даваасүрэн сайд, “Нэгдсэн Монгол” ТББ-ын толгойлогч Л.Мөнхбаяр хоёрт таалагдсангүй. Дерипаска чинь оросын ард түмэн юм уу, оросын ард түмэн чинь Дерипаска юм уу? Бүрхэг л золиг юм даа.
Нийтлэлч Ц.Доржготов