Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын захирамжаар баталжээ. Жагсаалтын эхэнд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна. Ээлжит намрын чуулган бүрийн эхэнд энэ асуудал байдаг нь уламжлал. Хуулиар арванхоёрдугаар сарын нэгнээс өмнө төсвөө батлах үүрэг парламентад ногддог. Гэвч төсвийн хуулийг хэлэлцэх завдалгүй шилээ дарсан улс төрийн халуухан үйл явдлууд өрнөх нь.
Чуулганы нээлтийн дараа дараалал харгалзахгүй хэлэлцэх хэд хэдэн асуудал бий. Юун түрүүнд төрийн дутуу бодлого, томчуудын хайхрамжгүй, хариуцлагагүй байдал… гээд олон хүчин зүйлээс бол хаягдаж буй хүүхдийн эрхийн асуудлыг хөндөхгүй орхиж болохгүй. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 150 гаруй хүүхэд ямар нэгэн золгүй тохиолдол, гэмт хэргийн золиос болж хорвоогоос одсон гээд бодохоор Монголын нийгмийн онгорхой цоорхой бүрээр унан гээгдэж буй нь хүүхдүүд юм байна гэдгийг баталж байгаа юм.
Тиймээс улс төрийн нөхцөл байдал, сайд дарга нарын томилгоо, төсөв мөнгөний бодлогоос түрүүлж хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн. Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд зарим гишүүн энэ асуудлыг хөндөн, хүүхэд хамгааллын талаар шийдвэртэй арга хэмжээ авах цаг болсныг мэдээлж байсан. Тиймээс намрын чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын эхний эгнийнд хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байх болов уу гэсэн нийгмийн хүлээлт байна.
УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулахаар товлосон УИХ-ын тогтоолыг үндсэн хуулийн цэц түдгэлзүүлснийг ярина. Цэцийн дүгнэлтийг ээлжит чуулган эхэлснээс хойш тав хоногийн дотор холбогдох Байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн, хүлээж авах эсэхээ шийдэх хуультай. УИХ-ын чуулганаар Цэцийн шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэвэл ҮХЦ их суудлын хуралдаанаараа УИХ-ын шийдвэрийг хэлэлцэн эцэслэх юм.
Үүнтэй зэрэгцэн УИХ-ын 22 гишүүн хүсэлт гарган ээлжит бус чуулган зарлан хуралдуулж 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлага тавиад байсан ч эрх зүйн үндэслэлгүй болсон. УИХ-ын зүгээс нээлттэй сонсгол зохион байгуулахаар УЕПГ-т хандсан ч Ерөнхий прокурор М.Энх-амгалан “Тухайлсан хэргээр нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг хийх эрх зүйн боломжгүй” гэсэн тайлбарыг хийснээр энэ асуудал замхарсан юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын хүсэлтийн дагуу АТГ-ын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг намрын чуулганы эхэнд хэлэлцэх ёстой.
Өнгөрсөн зун АТГ-ын даргатай холбоотой асуудлыг хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх, улмаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулах нөхцөл бүрдсэн боловч тус байнгын хорооны гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар ээлжит чуулгантай золгосон. Энэ удаа гишүүдийн ирц хүрэхгүйн зовлонгүй учраас хойшлуулж “шогтохгүй” нь ойлгомжтой. Үүнд дөрөөлөн УИХ-ын даргыг огцруулах улс төрийн акц ч өрнөхийг үгүйсгэхгүй. Мөн ЗТХ-ийн сайдын томилгоо УИХын чуулганыг хүлээж буй.
• УИХ-аар юун түрүүнд УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулахаар товлосон УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэц түдгэлзүүлснийг ярилцана.
• Ерөнхийлөгч болон УИХын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын хүсэлтийн дагуу АТГ-ын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг намрын чуулганы эхэнд бас хэлэлцэх ёстой.
• Улстөрч, судлаачдын дунд хамгийн их маргаан дагуулж байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хаврын чуулганаас улиран орж ирлээ.
Энэ мэт УИХ-ын намрын чуулганы жагсаалтад ороогүй хэрэг явдлууд өрнөх бол жагсаалтаар хэлэлцэх асуудлууд ч ширүүн маргаан үүсгэх биз. Ялангуяа улстөрчид, судлаачдын дунд хамгийн их маргаан дагуулж байгаа үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хаврын чуулганаас улиран орж ирлээ. Эцэг хуулийн шинэчлэлийн асуудал бараг сүүлийн гурван парламентын хугацаанд ээлжит чуулганы эхэнд хэлэлцэх асуудлын дараалалд байсаар ирсэн тул энэ нь шинэ сэдэв биш.
УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т “...эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ.” Хэмээн тусгасан. Уг тогтоолын дагуу ард нийтийн санал асуулга ч явуулах нөхцөл байдал бүрдэх магадтай. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, аймаг сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиуд ч улс төрийн намуудад хамаатай учраас хэлэлцүүлгээс эхлээд хэрүүл, маргаан дагуулж мэднэ.
Үүн дээр Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Төрийн байгуулалтын байнгын хороог завгүй ажиллуулах нь. Улсын төсөв хэлэлцэхтэй зэрэгцэн Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Үүнээс гадна хаврын чуулганаар баталж амжаагүй аж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, хувь хүний орлогын албан татварын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Харин хаврын чуулганы хугацаанд болон өнгөрсөн зун хууль санаачлагчаас өргөн барьсан шинэчлэн найруулах болон нэмэлт өөрчлөлт оруулах 11 хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Дээрхээс дүгнэхэд сэрүүн намраар улс төрийн халуухан сэдвүүд Төрийн ордонд яригдах болж байна. Гэхдээ УИХ-ын даргын зөвлөл энэ долоо хоногт дахин хуралдаж намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг авч хэлэлцэхээр болсныг эх сурвалж хэллээ.