Бага оврын цахилгаан хөдөлгүүртэй “Econ Empire” ачааны автомашин зохион бүтээсэн Б.Бадамдоржтой ярилцлаа
Шатахууны үнэ тэнгэрт хадсан, Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн өнөө үед хүрээлэн буй орчинд ч, түрийвчинд ч ээлтэй автомашин бидэнд зайлшгүй хэрэгтэй байгаа билээ. Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх болно гэдгээ мэдэгдээд буй энэ үед монголчууд ч гэсэн 100 хувь цахилгаанаар явдаг машин бүтээж эхэлсэн.
Хэдэн жилийн өмнө хувь хүн болон компаниуд цахилгаан хөдөлгүүртэй суудлын автомашин угсарч, үйлдвэрлэсэн нь цөөнгүй. Гэхдээ бага оврын цахилгаан хөдөлгүүртэй ачааны автомашиныг Монголд анх удаагаа “Экон мотор” XXK-ийн инженерүүд зохион бүтээж, амжилттай туршсан байна.
Бага оврын цахилгаан хөдөлгүүртэй “Econ Empire” ачааны автомашиныг зохион бүтээсэн инженерүүдийн төлөөлөл болгож “Экон мотор” XXK-ийн Цахилгаан, электроникийн инженер Б.Бадамдоржтой ярилцлаа.
-Бага оврын ачааны цахилгаан машинаа хэзээнээс хийж эхэлсэн бэ. Хэдэн цаг цэнэглээд, хэдэн км явах боломжтой вэ?
-2016 оны арванхоёрдугаар сараас эхэлсэн. Нэг тонны даацтай, дээд хурд нь 60 км/цаг 220в хүчдэлд зургаан цаг цэнэглээд, 100км зам туулах боломжтой.
-Яагаад заавал цахилгаан ачааны машин бүтээх болсон юм бэ?
-Анх энэ машиныг бүтээх санаа төрөөд судалгаа, тооцоолол, зохион бүтээлт хийх үед Монгол Улсад 110 мянга орчим 0.5-5 тонн даацтай ачааны машин байна гэсэн тоон судалгаа байсан. Тэдний дийлэнх нь утааны тортогжилт ихтэй, гадаадад явах эрхгүй болсон хуучин машинууд учраас солих хэрэгтэй гэж үзсэн. Тэгээд эдийн засагт хэмнэлттэй агаар, орчин бохирдуулахгүй, дуу чимээ гардаггүй цахилгаан хөдөлгүүртэй машин хийхээр төлөвлөсөн. Монгол Улсад хөгжлийн шинэ гарц нээх автомашины үйлдвэрлэлийн салбар бий болох боломж байна гэж үзсэн. Олон тэрбум төгрөг гадагшаа урсаж байснаас цахилгаан машинаар хангавал цэнэглэх зардал нь цахилгаан станциуд руу орж, монгол хүний цалин болж үлдэх юм даа.
-Цахилгаан автомашин бүтээх энэ төсөл дээр хэдэн хүн ажиллав?
-Зөвхөн автомашин бүтээхэд зураг төсөл, зохион бүтээгч, механик, цахилгаан электроник, угсралтын инженерүүд дээрээс нь мэргэжлийн ажилчид наад зах нь сэлбэг материал татах хангамжийн гээд олон хүний зүрх сэтгэл, хөдөлмөр шингэсэн.
-Монгол Улс шиг эрс тэс уур амьсгалтай оронд цахилгаан хөдөлгүүртэй автомашин хэр тохиромжтой байдаг вэ?
-Цэнэг хураагуур болон жолоочийн кабины халаагуурыг сайн шийдэж чадвал бусдаар бол хүндрэл байхгүй. Цахилгаан хөдөлгүүр маань дотоод шаталтын хөдөлгүүрээс гурав дахин өндөр ашигт үйлийн коэффициенттэй учраас эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээ бага шаарддаг нь илүү давуу талтай. Бид одоогийнхоосоо илүү хурдан цэнэглээд, хол зам туулах цахилгаан машин бүтээхээр ажиллаж байна.
-Улаанбаатар хотод түгээлтэд явдаг бага оврын ачааны автомашинуудын бензин хөдөлгүүрийг цахилгаан болгож болох уу?
-Анхнаасаа дотоод шаталтын хөдөлгүүртэй бүтээгдсэн, хүнд жинтэй, рулийн болон тоормозны аппарат гээд өөрчлөх зүйл ихтэй учраас их өндөр өртгөөр цахилгаан болгоно. Дараа нь өөрчилсөн өртгөө нөхөхөд хүртэл хүндрэлтэй учраас үр ашиггүй гэж үзэж байгаа юм.
-Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй машин үйлдвэрлэнэ гэдгээ мэдэгдсээр байна. Манай улс цахилгаанаар явдаг бага оврын ачааны тэргийг экспортод гаргах боломж бий юу?
-Монгол Улс ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэний үр дүнд манай эдийн засаг 20 дахин томорсон тухай судалгаа байдаг. Социализмын үед манайд ердөө 30 гаруй мянган автомашин байсан бол өнөөдөр энэ тоо 700 орчим мянга болтлоо өссөн нь эдийн засгийн тэлэлтийн тод жишээ. Хөгжлийн цоо шинэ гарц болох металл хийц, машин байгууламж, машинт үйлдвэрлэлийн салбар үүсэн бий болох, зах зээлийн багтаамж, мөнгөн урсгал нь энэ олон мянган машин дотор байна. Тэгээд ч ажлын байр олноор бий болгох, импорт орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадагш чиглэсэн мөнгөний урсгалыг саармагжуулах гээд олон шаардлага байгааг монголчууд бүх шатандаа ойлгож мэдэрч байна.
Манай улс 2012 онд дэлхийн автомашин үйлдвэрлэгчийн эгнээнд багтаж бүртгүүлж чадсан. Өөрсдөө зураг төсөл зохион бүтээлт үйлдвэрлэх технологио боловсруулдаг зэрэг шаардлагыг нь хангасан учраас Олон улсын авто инженерүүдийн холбоо, Дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн холбоо нь манай улсыг хүлээн зөвшөөрч, үйлдвэрлэсэн машиндаа арлын дугаар өгөх эрхтэй болгосон байгаа. Ингэснээр монгол машин дэлхийн хаана ч зорчих, худалдаалагдах боломжтой гэсэн үг. Бид тухайн улсых нь стандарт шаардлагыг хангасан машин хийж, дээрээс нь хямд байж чадвал экспортод гарах боломжтой гэж харж байна.
-Олон нийтийн сүлжээнд та бүхний зохион бүтээсэн цахилгаан машиныг “Зүгээр л угсарчихсан байна. Энэ үйлдвэрлэл биш” гэж шүүмжилсэн байсан. Та юу хэлэх вэ?
-Дэлхийн автомашин үйлдвэрлэгчид бүгд л өөрийн гэсэн техникийн бодлого, зураг төсөл, технологиор явдаг ч дийлэнх нь хэрэгцээт эд ангийг нь хаана стандартын дагуу хямд чанартай, үйлдвэрлэж чадаж байна түүнээс авч угсардаг. Ингэж үйлдвэр, цехүүд хоорондоо холбоотой ажилласанаар бид худалдаж авч чадах хэмжээний боломжит үнэтэй, бүтээгдэхүүн бий болдог. Хэрвээ дор бүрнээ, бүх зүйлээ тус тусдаа үйлдвэрлэнэ гэвэл асар өндөр үнэтэй, хэрэглэгчгүй, ашиггүй зүйл болж хувирах юм. “Dakar Rally” тэмцээний олон удаагийн аварга, OXУ-ын Kамаз гэхэд “Mercedes Benz”-ийн хөдөлгүүр, хурдны хайрцаг ашигладаг.
Энгийн нэг жишээ татахад, бидний өдөр тутам хэрэглэдэг автомашинууд бүгд өөр өөр дугуйтай бил үү. “Toyota”, “Nissan”, “Hyundai” гээд бүгд адилхан “Hankook”, “Yokohama”, “Bridgestone” гэх мэт ижил брэндийн дугуйтай байдаг. Тэгэхээр бусдын л адил замаар, арга технологиор бид явж байгаа учраас шүүмжлэхээсээ өмнө учир шалтгааныг нь ойлгож дэмжиж байвал сайхан байна гэж хэлмээр байна. Монгол Улсыг хэн нэгэн хятад, орос, япон ирж хөгжүүлж өгөхгүй ээ. Монголчууд л бие биенээ дэмжиж байж, үндсэрхэг үзэлтэй байж улс орноо хөгжүүлж, Солонгост очиж хар ажил хийлгүй эх орондоо сайхан амьдрах болно гэдгийг хэлмээр байна.