Английн Лондон хотноо Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ шагнал гардуулах ёслол боллоо. Уг ёслолын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ нь 2018 оны эрэгтэй шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах явдал байлаа. Учир нь сүүлийн жилүүдэд уг шагналыг зөвхөн Лионель Месси, Кристиано Рональдод хоёр өөр хоорондоо булаалдаж ирсэн тул тэдний амжилтыг хэн таслах вэ гэдэг асуулт олон хүнд сонирхолтой байлаа. Лука Модрич уу, Мохамед Салах уу? Дээрх хоёр хөлбөмбөгчний хувьд 2018 он тэсрэлтийн жил байлаа.
Салах Английн Премьер лигийн мэргэн бууч болж, Аваргуудын лигийн шувтаргад шалгарсан гайхалтай амжилтыг үзүүлсэн бол Модрич египет тоглогч шиг олон гоол оруулаагүй. Угаасаа ч түүний байрлал хагас хамгаалалт, үндсэн үүрэг нь багаа удирдан чиглүүлэх. Тэгвэл тэрбээр энэ үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Хорват хөлбөмбөгчин Испанийн “Реал” клубийнхээ лидер нь байж Аваргуудын лигт түрүүлүүлсэн бол шигшээ багийнхаа хөдөлгүүр нь болж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалуулсан. Гэхдээ Мохамед Салах хоосон хоцорсонгүй. ФИФА түүнд оны шилдэг гоолын шагналыг гардуулсан.
ДАШТ тухайн оны шилдгүүдийг тодруулах гол шалгуур байдаг тул эрэгтэй шилдэг хөлбөмбөгчнөөр Модрич нэрлэгдэнэ гэдэгт эргэлзэх хүн бараг байгаагүй юм. Тиймээс ч Месси, Роналдо хоёр ФИФА-гийн шагнал гардуулах ёслолын урилгыг авсан ч хүрэлцэн очсонгүй. Харин шагнал хүртэх алтан мөчийг нь хуваалцаагүй багийнхаа хуучин анддаа Лука талархал илэрхийллээ. Тэрбээр шилдгийн шагналыг гардахдаа “Хорватын шигшээ болон “Реал” клубийнхээ хамт олонд талархаж байна. Кристианод ч гэсэн талархъя” хэмээв.