Нийслэлийн МАН-ын даргын төлөөх санал хураалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, хотын дарга С.Батболдыг яллаа. Нийт 368 төлөөлөгчийн 50.6 хувь нь Д.Сумъяабазарт саналаа өгсөн байна. Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр хурлын өмнөх өдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж тус хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг жинхлэхээр нэр дэвшүүлээд байсан юм. Харин хурлын үеэр заалнаас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлсэн.
Уг нь МАН-ын дүрмээр Нийслэлийн МАН-ын даргыг Бага хурлаас сонгогдсон намын хорооны гишүүд сонгодог бөгөөд хорооны гишүүдийн тоог 189 байхаар хязгаарладаг байв. Хурлаар хэлэлцэх асуудлыг батлахдаа ч дүрмийн дагуу 368 төлөөлөгчөөс 211 хүнийг намын хороонд оруулахаар шийдээд байсан боловч Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд нар Бага хуралд оролцсон бүх гишүүдийг нийслэлийн МАН-ын хорооны гишүүнээр сонгох санал гаргасан нь дэмжигдсэн.
Ингэснээр Нийслэлийн МАН-ын хороо УИХ-ын 25 гишүүн, НИТХ-ын 34 төлөөлөгч, есөн дүүргийн намын хороодын удирдлага, анхан шатны 152 үүрийн төлөөлөл гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй болж, Бага хуралд оролцсон бүх гишүүдийн саналаар даргаа сонгохоор болсон юм. Парламент төдийгүй НИТХ, долоон дүүрэгт олонх болсон намын нийслэлийн салбар хороог удирдах хүнийг сонгох хурал улс төрийн хүрээнд томд тооцогдох үйл явдал. Нийслэлийн МАН-ын хороог удирдах хүн 2020 оны парламентын болон НИТХ-ын сонгуулийн бэлтгэл ажлыг хангах эрх, үүрэг хүлээсэн гэдэг нь УИХ-ын 28 мандат, НИТХ-ын 45 мандатад хэн нэр дэвшихийг үндсэндээ шийднэ гэсэн үг.
Нөгөөтэйгүүр, 2016 оноос хойш хурлаа хийж чадаагүйн дээр намын хорооны дарга Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөж жил гаруй удирдлагагүй шахуу болоод байсан намыг нэг гарт зангидах болсон нь том шинэчлэл. 2016 оноос хойш Нийслэлийн МАН-ын хийж хэрэгжүүлсэн ажил, амжилт ололт, алдаа ялагдлыг үүрэг гүйцэтгэгч С.Батболд танилцуулсан. Тэрбээр 2016 оны УИХ-ын болон НИТХ, орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан дүүргийн намын хороонд талархал илэрхийлж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлд бүхэлдээ ялагдал хүлээсэн шалтгааныг олон хүчин зүйл нөлөөлсөн хэмээн дүгнэв. Мөн түүний илтгэлд нийслэлийн МАН анхан шатны байгууллагуудаа бэхжүүлж ирэх сонгуульд чамбай бэлтгэж байгаа талаар тайлагнасан.
МАН-ын хурал хэрүүл тэмцэлтэй ч эрүүл өрсөлдөөнтэй болов
Харин Нийслэлийн МАН-ын Бага хуралд оролцогсдын талаас илүү хувь нь “60 тэрбумын нам” гэдэг нэрнээс салахыг хүсэмжилж байсныг удирдлагаа шинэчлэснээс нь харж болно. Хурлын үеэр Сонгинохайрхан дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Алдартай 60 тэрбумын болон авлига хээл хахууль, газрын наймаатай холбоотой яриа энэ нийслэлийн МАН-ын хорооноос эх ундрагатай. Тиймээс Нийслэлийн МАН-ын хороо шинэчлэгдэх зайлшгүй шаардлагатай гэдгийг бүгд ярьж байна” гэсэн нь үүний тод нотолгоо юм. Энэ удаагийн Нийслэлийн МАН-ын Бага хурлын онцлог тус намд өмнө болж байгаагүй ширүүн уур амьсгалд өрнөсөнд буй.
Хурлын эхэнд зохион байгуулагч, төлөөлөгчдийн хооронд мандатын тооноос үүдэлтэй маргаан ширүүсч “шударга байя” гэсэн орилоон хурлын заалыг нөмөрч байв. Өмнө нь АН-ын ҮЗХ-ны хурлыг хэрүүл, маргаантай болоход ардчилалтай нам ингэдэг гэсэн ойлголтыг нийгэмд өгч байсан бол МАН-ын нийслэлийн хурал ч хэрүүл тэмцэлтэй, эрүүл өрсөлдөөнтэй болов. Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох санал хураалтад оролцсон гишүүдийн 167 нь Д.Сумъяабазарт, 164 нь С.Батболдод санал өгчээ. Харин 18 саналыг хүчингүйд тооцсноос 11 нь Сумъяабазар, долоо нь С.Батболдыг сонгосон санал байв.
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон Д.Сумъяабазар хурлын төгсгөлд хэвлэлийнхэнд ярихдаа “2016 оны сонгуулиас хойш нийслэлийн намын хороо шинэчлэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Одоогоос жил гаруйн өмнө намын хорооны дарга ажлаа хүлээлгэн өгч, түр орлон гүйцэтгэгчтэй байж байгаад албан ёсны ээлжит Бага хурлаа хийж, хорооны даргаар миний бие сонгогдлоо. Энэ удаагийн сонгууль дотоод ардчилалтай өрсөлдөөний зарчмаар явагдлаа. Хийх ажил маш их байгаа. Ялангуяа, намын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг биелүүлэхэд анхаарч ажиллана. Намын дүрмийн дагуу Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийг сонгохдоо есөн дүүргийн оролцоог хангаж ажиллах зайлшгүй шаардлагатай.
Дүүргийн бодит төлөөлөл болсон чадалтай залуусаар багаа бэхжүүлэх ёстой. Мөн УИХ-ын гишүүд зэрэг МАН-ын тэргүүний, чадварлаг залуусаар багаа бүрдүүлнэ. Улс төрийн шийдвэр нэгэнт гарсан учраас намын эрс шинэчлэлийг шинэ түвшинд гаргах ажлыг яаралтай эхлүүлэх ёстой. Намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх чиглэлд нэн тэргүүнд явна. Намын анхан шат, үүрт тулгарч байгаа асуудлуудыг ойрын хугацаанд шийдэх төлөвлөгөөтэй байна. Мөн нийслэлийн төсөвтэй холбоотой, нийслэлд тулгамдаж байгаа аж ахуйтай холбоотой асуудлаар хотын даргад дэмжлэг үзүүлж, ажлын төлөвлөгөөгөөр шахаж ажиллана.
Бид нийслэлчүүддээ амласан зүйлсээ зайлшгүй хийх ёстой” гэсэн юм. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн, сайд, намын хорооны даргын гурван албыг давхардуулж хаших талаараа “Давхар дээл гэдэг нь Монгол хүний бэлгэшээлд хэр зохистой байдаг юм бол доо. Ажлын ачаалал зохицуулахыг ганц бие хүн хийхгүй. УИХ, Засгийн газрын гишүүн, нийслэлийн намын бодлого тодорхойлно гэдэг нь цэвэр улс төрийн бодлого учраас нийслэлийн төлөөлөгч гишүүд, намын гишүүдийн жигд оролцоог хангасан, аль нэг бүлэглэлийн шинжтэй биш цэвэр улс төрийн, иргэд рүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх хүчирхэг залуус бий. Гол нь тэднийг бодлогоор дэмжиж, яаралтай ажилд нь оруулах ёстой. Энэ бол дан, давхар гэхээс илүүтэй, зөв зохион байгуулалтад оруулж зөв бодлогоор дэмжээд өгвөл мэргэжлийн хүмүүс нь гүйцэтгээд явах ажил” хэмээв.
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар орон тооны нэг, орон тооны бус зургаан дэд даргатай байхаар тогтож, СХД-ийн Засаг даргын орлогч Н.Алтаншагай болон Б.Мөнхбаатар, О.Одбаяр, Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар нарын нэрийг дэвшүүлж, батлав. Мөн Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээр НИТХ-ын дарга С.Амарсайхан, хотын дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Цогтбаатар, Д.Ганболд, НИТХ-ын гишүүн М.Мөнхжаргал, Э.Бат-амгалан, Багахангай дүүргийн ИТХ-ын хурлын дарга Б.Батнасан, төлөөлөгч Б.Сэмжидмаа нараас гадна НАМЗХ, НАЭХ, ахмадын холбооны дарга нарыг ажиллуулахаар томиллоо.