ХХААХҮЯ ганц удаагийн цасанд бэлтгэлгүйгээ харуулав
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр улс орон даяар нойтон цас орсны улмаас тариалангийн бүс нутгуудад их хэмжээний хохирол учирсан гэх мэдээлэл байна. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Хонгор сумын тариалангийн зарим бүсэд 7 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Бид энэ талаар Хүнс, хөдөө аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албаны мэргэжилтнээс тодруулахад “Маргааш /өнөөдөр/ цас орсны дараах нөхцөл байдлын мэдээг нэгтгээд олон нийтэд мэдээлнэ. Өнөөдөр манай холбогдох албаны мэргэжилтнүүд “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд оролцоод завгүй байна гэх мэдээллийг өглөө. Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дээрх асуудлаар тодорхой мэдээлэл өгөх хүн олдсонгүй.
Энэ жил ургац хураалтыг улс орон даяар есдүгээр сарын 5-ны өдөр эхлүүлсэн. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар 22.1 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 34.7 мянган га-аас 54.2 мянган тонн үр тариа, 7.7 мянган га-аас 103.3 мянган тонн төмс, 4,4 мянган га-гаас 52,7 мянган тонн хүнсний ногоо тус, тус хураан авснаар үр тарианы хураалт 10,2 хувь төмс, хүнсний ногооны хураалт 54-60 хувьтай явагдаж байгаа аж.
Харин сая орсон цасны улмаас хэдий хэмжээний үр тариа, хүнсний ногоо хураан авах боломжгүй болсон нь одоогоор тодорхойгүй ч их хэмжээний хүндрэл учирсан гэдгийг Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Ариунболд хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Зөвхөн ганц Хонгор суманд л долоон тэрбум төгрөгийн хохирол учирсан байхад бусад аймгуудад хэдий хэр хэмжээний хохирол учирсан нь тойм зургаар харагдаж л байна.
Сэлэнгэ аймаг л гэхэд Хүдэр, Ерөө, Жавхлант, Сайхан, Орхон, Сант, Баруунбүрэн, Орхонтуул, Мандал, Баянгол зэрэг сумдад 5-15 см цасан бүрхүүл тогтсоны улмаас тариа будаагаа бүрэн, бүтэн хураан авах боломжгүй болжээ. Тариа, будаа нь цасанд дарагдсан тохиолдолд төлөвлөсөн хэмжээнд хураан авахад маш төвөгтэй болдог. Тиймээс Сэлэнгэ аймгийн тариаланчид цасанд дарагдсан будаагаа иш өргөгч ашиглаж хаягдал багатай хураан авахын тулд ихэд зүдэрсэн сурагтай байна.
Хэдий цасанд дарагдсан тариаг сэргээх аргыг ашигласан ч малын хөлд талхлагдвал сэргэхэд тун хэцүү болдог аж. Тиймээс нойтон будааг хорогдол багатай хураахын хажуугаар шуурга салхинд уруудсан малыг талбай руу оруулахгүйн тулд их хүч зарсан гэнэ. Цаг агаарын мэдээг арван жилийн сурагч гар утаснаасаа авдаг болсон энэ цаг үед бүхэл бүтэн салбар яам нь байгалийн хүчин зүйлд маш өндөр бэлтгэлтэй байх ёстой баймаар. Гэтэл Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яам цаг агаар хүйтэрч цас орно гэж мэдээлэхээс өөр ажлыг хийж чадсангүй. Угтаа тэр мэдээ цаг уурын газраас хэлчихдэг юм.
Харин хөдөө аж, ахуй хариуцсан яам нь цаснаас урьдаж хийх ёстой ажлуудаа ягштал хийчихвэл өнөөдөр хохирол, хүндрэл учирлаа гэх зүйл ярихгүй байх байлаа. Нөгөөтэйгүүр сая орсон цас Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг байгалийн давтагдашгүй хүчин зүйлд хэр бэлтгэлтэй байгааг харууллаа. Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Ариунболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Яг ийм үед шатахууны зарцуулалт эрс өсдөг. Тйимээс шатахууны нөөцийг бүрдүүлэхийн тулд анхаарч ажиллах ёстой. Буудай, тээврийн зам хүндэрдэг.
Иймд орон нутгийн зам арчилгааны компаниудтай хамтарч ажиллах шаардлагатай байдаг. Түүнчлэн үтрэмийн ажил хүндэрдэг. Нэгэнт хураагаад авчихсан, үтрэм дээр байсан хуурай буудайг Тариалан эрхлэгчдийг дэмжих сан гурилын үйлдвэрүүдэд татан авах ажлыг компаниуд хоорондоо хамтарч ажиллаж, зохион байгуулах шаардлагатай. Үтрэмийг чөлөөлөх шаардлагтай. Чийгтэй буудайг хатаах ажилд нэлээд зардал, цаг хугацаа шаардагдана” гэж ярьжээ. Нойтон цас орохыг олон хоногийн өмнөөс мэдсэн байж урьдчилаад шатахуунаа хангалттай хэмжээгээр нөөцөлчих ёстой юм. Мөн нэгэнт хураагаад авсан хуурай буудайгаа гурилын үйлдвэрүүдэд өгөх ажлыг цас орсны дараа бус өмнө нь зохион байгуулсан бол өнөөдөр ийм зүйл яриад сууж байх байсан уу. Энэ мэт салбар яам салбарынхаа гол ажилд хайхрамжгүй хандаж байх шиг.
Тэрбээр мөн “Дулаан хоногуудын тоо улам цөөрч байгаа. Үүн дээр цаашид хөдөлмөр зохион байгуулалтаа, техник тоног төхөөрөмжийн байдлыг улам сайн хангаж ажиллах шаардлагатай. Үтрэмийн ажил хүндэрнэ” гэжээ. Салбар яамнаас цас орохоос өмнө урьдчилж буудай хатаах ажлыг хийх, техник тоног төхөөрөмж, хүний нөөцөө бэлтгэх байгалийн хүчин зүйлд бэлтгэлтэй байсан бол өнөөдөр, цаг, хөрөнгө мөнгө, хүч чадлаа барахгүй байх байв. Улс ч хохирол багатай асуудлыг давж гарна. Өнөөдөр энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас чухам ямар мэдээллийг өгөх нь сонирхол татаж байна. Бид энэ талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэх болно.