Чөлөөт бөхийн холбоо П.Орхоны допингийн асуудлыг хэрхэн шийдсэнээ тайлагнахгүй юм уу?
“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон алтан медалийн эзэн болсон. Гэвч Монголын тамирчин сэргээш хэрэглэсэн байж болзошгүй тул алтан медалийг нь хурааж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаж, тун удалгүй таамаг батлагдаж, бөх сонирхогчдын сэтгэгдлийг гонсойлгосон.
П.Орхоны сорьцоос станозолол хэмээх маш хүчтэй бодис илэрч, Азийн наадамд түрүүлсэн алтан медалийг хүчингүйд тооцож буйгаа мэдэгдсэн. Одоо түүний барилдах эрхийг хэдэн сар, жилээр хасах бол, “Токио-2020” оны зуны олимпод барилдаж чадах болов уу гэсэн мэдээг нийт монголчууд чих тавин хүлээж сууна.
Даанч Монголын Үндэсний олимпийн хороо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний төв одоо болтол П.Орхоны асуудлаар хэвлэлд мэдээлэл өгөхгүй татгалзсаар байгаа нь хэн бүхний анхаарлыг татаж байна. Энэ явдлыг нэг их хүчтэй ярилгүй, асуудал болголгүй тэгсхийгээд өнгөрөөх нь тэдэнд ашигтай байв уу. Эсвэл П.Орхоны нэр холбогдсон допингийн хэргийг нааштай шийдчих мэдлэг ур чадвартай боловсон хүчин алга уу.
Өмнө нь хэд хэдэн удаа олон улсын тэмцээнд оролцож явсан Монголын бөхчүүдээс допинг илрэхэд тас нуугаад өнгөрсөн байдаг. Тиймээс бөхөд хайртай Монголын ард түмэн допинг хэрэглэсэн гэх тамирчин руу хамаг бурууг чихээд, албаны хүмүүс нь уснаас хуурай гарах вий гэсэн хардлага байна.
Үндэсний олимпийн хороо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний төв хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс албан ёсны мэдээллийг нуулгүй, П.Орхоны асуудал дээр яаж ажиллаж, гарц гаргалгаа олсноо олон нийтэд ил тодоор мэдээлэх үүрэгтэй.
Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоны нэр холбогдсон допингийн хэргийг дээрх байгууллагууд дараад өнгөрөх биш, нааштай шийдэж, олон нийтэд ил тод мэдээлээсэй гэж АЗИЙН ОЛИМПИЙН ЗӨВЛӨЛӨӨС ИРҮҮЛСЭН МЭДЭГДЛИЙГ хүргэж байна.
Уг мэдэгдэлд
Тамирчин В сорьцыг шинжлүүлэхийг зөвшөөрсөн. Шинжилгээний дүнгээр А, В хоёр сорьцонд хоёуланд нь допинг илэрсэн.
Тамирчин шударга шүүлгэх эрхтэй.
Шинжилгээний дүнг албан ёсны хэмээн үзсэн тохиолдолд олон нийтэд энэ тухай тодруулга хийх ёстой.
Сэргээш илэрсэн баримтын хуулбарыг Олон улсын олимпийн хороо руу илгээж, холбогдох хоригийн дагуу цаашдын арга хэмжээг авна.
Азийн олимпийн зөвлөлийн Сахилгын хороо тухайн тамирчныг Сэргээшийн эсрэг дүрмийг зөрчсөн талаар Олон улсын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчид тайлагнана.
Тамирчин энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй байвал Спортын арбитрын шүүх (Одоогоор П.Орхон тус шүүхэд хандсан эсэх нь тодорхойгүй байна)-д 21 хоногийн дотор давж заалдах эрхтэй гэсэн шаардлагууд тавьсан байна.