Газар дундын тэнгис дээгүүр нисч явсан Оросын Ил-20 нисэх онгоц Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчний харвасан пуужинд өртөн сүйрсэн хэрэг гарсантай холбоотойгоор ОХУ-ын Мөрдөн шалгах хороо эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ тухай тус улсын Мөрдөн шалгах хорооны албан ёсны төлөөлөгч Светлана Петренко сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Холбогдох албаныхан хэргийн учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
“Хмеймим” агаарын цэргийн бааз руу буцахаар Газар дундын тэнгис дээгүүр, Сирийн эргээс 35 км зайд нисч явсан Оросын “Ил-20” нисэх онгоцны багийн гишүүдтэй есдүгээр сарын 17-нд Москвагийн цагаар оройны 11 цагийн үед холбоо тасарсан тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам өмнө нь мэдээлсэн билээ. Мөн Израилийн дөрвөн “F-16” нисэх онгоц Сирийн Латакиа муж дахь байгууламжид агаарын цохилт өгч байх үеэр уг нисэх онгоц хяналтын самбараас сураггүй алга болсон гэж мэдэгдэлд дурдсан юм.
Хожим нь ОХУ-ын Батлан хамгалаах яамнаас мэдээлснээр, “Ил-20” нисэх онгоцонд Сирийн Агаарын довтолгоонос эсэргүүцэн хамгаалах хүчний цохилтод өртсөн ажээ. Уг мэдээлэлд дурдсанаар, Израилийн нисэгчид Оросын онгоцоор өөрсдийгөө халхавчлан, “Ил-20” нисэх онгоцыг С-200 цогцолборын галын шугамтай нэг шугаманд оруулсан байна.
Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков хэлэхдээ “Израильчууд зориуд өдөөн хатгалга хийжээ. Орос улс Израилийн үйлдлийг дайсагнасан ажиллагаа хэмээн үзэж байна” гэжээ.