“Таван толгой” таны ч, миний ч болох зам дээрээ гарах нь гарлаа...
Уул уурхай Монголд хүчээ авсан тэр цагаас хойш Монголын нийгэм дэх тодорхой бүлэг хүмүүс хүнээ байсныг уул уурхайн салбарт их бага хэмжээгээр бизнес эрхэлдэг бүх хүн мэддэг. Мэддэг учраас төр, хувийн хэвшлийн оролцоотой уул уурхайн аль ч компанийн захирал элдэв мэдээлэл хийхээсболгоомжилж ирсэн. Ийм нууцлагдмал байдал нь эргээд тэднийг элдвээр хардаж сэрдэх, гүжирдэж гүтгэх байдал руу оруулдаг юм.
Ялангуяа Монголын стратегийнордуудыг эзэмшдэг “Эрдэнэс Монгол” компани, түүний салбар компанийн захирлууд ярилцлага өгч, хэвлэлийн бага хурал зарлахдаа тун хойрго. Харин ойрын өдрүүдэд “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал нөхөр өөрийн биеэр гарч ирж хэвлэлийнхнийг цуглуулж орлого, ашгаа нэгд нэгэнгүй тоочлоо. Ямар юмаа хийж хүнээ алдсан эрх мэдэлтнүүдийн шуналыг хөдөлгөсөн юм яриад байгаа юм бэ. Юу бодож уул уурхай бүрийг жадлан эсэргүүцэж, болж бүтэж байгаа бүхнийг мушгин гуйвуулж байдаг янз бүрийн хүмүүсийн шантаажийг дэвэргэх юм хийгээд байгаа юм гэж Б.Ганхуяг захирлыг буруутгамаар.
Тэгтэл бас нөгөө талдаа “Жингийн цуваа явдгаараа явна, жингэрийн гөлөгнүүд хуцдагаараа хуцна” гэдэг зарчмаар ажиллаж байгаа нөхөр юм байх даа гэж тоож байна. Түүнийг сая мэдээлэл хийснээс хойш судлаачид бичээд эхэлсэн. “Таван толгой” таны ч, миний ч өмч болох бодит зам дээрээ гарлаа. Одоо хамгийн хариуцлагатай, болгоомжтой байх асуудал бол улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус ашиг сонирхлуудаас “Таван толгой”-г хамгаалах гэж.
Эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүд, судлаачдын үзэж буйгаар бол уул уурхай руу улангасан дайрч, шантааж хийдэг нөхдүүдийн ёо ёо нь хэдийнэ хөдөлчихсөн гэнэ. “Эрдэнэс Таван толгой” компанийн ажилд “гай” болох худал хуурмаг, гүжир гүтгэлгийн мэдээллүүдийг цацаад эхэлжээ. Тийм болохоор ойрын өдрүүдэд тус компанийн удирдлагын нийгэмд хүргэсэн сайн мэдээллүүд нь сайныг сонсож чадахаа байчихсан, шүүмжлэхээс өөрийг мэдэхгүй, шүүмжлэхийн дон тусчихсан хүмүүсийг зүсч гарахаас өөр аргагүй болсныг харуулсан үйлдэл гэнэ. “Эрдэнэс Таван толгой”-н удирдлагууд үүнийг мэдэрсэн учраас гүжирдэхийг үл тоон стресстэж нервтсэн ард түмэндээ энэ бүх сайн мэдээллүүдийг хүргэв бололтой.
Тухайлбал “Эрдэнэс Таван толгой” компанийн дэргэд Олон нийтийн зөвлөл байгуулах гэнэ. Зөвлөлийн гишүүн есөн хүнийг ард түмний саналаар сонгох гэнэ. Энэ бололон улсын жишигт байдаг хамгийн эрүүл зөв хувилбар. Гэхдээ зөвлөлийг байгуулахдаа маш болгоомжтой няхуур хандаж, Монголд жишиг болсон Олон нийтийн зөвлөлийг байгуулж өгөөрэй гэж хүсэх байна. Тэгж чадвал Монголын компанийн засаглалын төлөвшилд үнэлж баршгүй хувь нэмэр болно. Ингэж хүсэхийн учир гэвэл АТГ-ын Олон нийтийн зөвлөлийг хар.
Тийм сайн, эрүүл саруулаар ажиллаж чадаж байгаа юу. Улстөрчдийн аймшигтай эрх ашиг орчихсон гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Олон нийтийн зөвлөлийг хар. Улстөрчдийн ямар эрх ашиг үйлчилж байгааг. Олон нийтийн зөвлөл дэргэдээ байгуулаад бүтэлтэй юм болсон газар энэ улсад өнөөдөртөө алга. Харин энэ бүх бэрхшээлийг давж гараад үнэхээр нэг Олон нийтийн зөвлөлийг ажиллуулсан шиг ажиллуулж чадвал Б.Ганхуяг захиралд талархъя. Бусад нь үлгэр аваг..
“Эрдэнэс Таван толгой” компанийн шилэн санхүүгийн зарчмыг баталгаажуулж, худалдан авалтыг ил тод болгох ажил нь олон түмэнд сайхан сонсогдож байна. Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт, нүүрс худалдан авалтын нээлттэй сонгон шалгаруулалт, үүний дараахь гэрээнүүдийг ил болгосон байдал нь энэ компанийг мэрж, нулимж байдаг хүмүүсийг хэлэх үггүй болгов бололтой. Түүхэнд байхгүй нэг их наядын борлуулалт хийж, 473 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан албан ёсны мэдээлэл нь бас нэг зүйлд хариулт боллоо.
Өнөөдрийг хүртэл зарим нэг мэргэн ардууд “Таван толгой дээр хятадуудтай хамтрахгүй бол цааш явахгүй. Гадны компаниудтай хамтрахгүй бол Эрдэнэс Таван толгой компани босч ирэхгүй...” гэхчлэн зүсэн бүрээр хэлж ярьж, бичиж ирсэн. Тэгвэл өнөөдөр “Таван толгой” чинь монгол хүний оюу ухаанаар, гадна талд байгаа үнийн таатай нөхцөлийг дүүрэн ашиглаж босоод ирлээ. Тэрбум тэрбумын ашиг олж, ард түмэндээ ногдол ашиг өгөх тухай хариуцлагатай мэдэгдлээ. “Эрдэнэс Таван толгой” компани ирэх 2019 он гэхэд 15 саяас дээш тонныг олборлоно, 2020 онд 20 сая, 2022 он гэхэд бүрэн чадлаараа буюу 35 сая тоннд хүргэнэ. Одоогоор 9,1 сая тонныг олборлоод байгаа. Тэгэхээр ирэхжилүүдэд 35 саяд хүргэх боломж бий гэсэн мэдээллүүд нь ард түмэнд итгэл найдварын гэгээ татуулж байна.
Ер нь тэгээд ОХУ-д нүүрс гаргах, Владивостокоор дамжуулан Находикийн боомтоор нүүрс тээвэрлэх асуудал шийдвэрлэгдэх шатандаа явааг. Нүүрсээ угааж эцсийн бүтээгдэхүүн гаргах, бага хэмжээгээр биш 500 мянгаас дээш тонноор борлуулаад эхэлсэн тухай, дундын зуучлагч байхгүй болсон гэх сайн мэдээллүүд, мөн IPO гаргах хүрээнд олон улсын шинжээчид тус компанийн бүх гэрээг судалж, хувьцаа, IPO хариуцсан албууд нь цаг наргүй ажиллаж, алдагдсан 268 тонн нүүрснийхээ мөнгийг эргүүлж авахаар болсон тухай сайн яваа ажлуудад нь энэ салбар дахь манай хувийн хэвшлийнхэн таатай хандахгүй байгаа нь ёозгүй харагдаж байна. Монголчуудын тамын тогооны үлгэр гэдэг энэ. Үнэндээ Монголд хэдхэн хүн нүүрсээр баяждаг, дэлхийн хэмжээний саятнууд болдог байдал одоо энэхүү “Эрдэнэс Таван толгой” гэх төрийн өмчийн компанийн өөдрөг үйл ажиллагаагаар эцэс болох ёстой.
Нүүрсний буяныг монголчууд бүгдээрээ хүртмээр байна. Тус компаниас 2,5 сая иргэн хувьцаа эзэмшиж, хувь ашиг хүртэх нь олон улсад байдаг эдийн засгийн эрүүл сайн тогтолцоо шүү дээ. Яагаад Сингапурын Тимасек шиг ард түмнээ баяжуулж болдоггүй юм. Яагаад “Эрдэнэс Таван толгой” гэсэн хоёр дахь Эрдэнэт үйлдвэрийг ойрын хугацаанд бий болгож болохгүй гэж. Төрд байгаа өмч бүхэн муу менежмэнттэй байдаг гэдгийг өнөөдөр “Эрдэнэс Таван толгой”-н удирдлагууд үгүйсгэж чадлаа. Эрдэнэт үйлдвэрийн хэрийн ашгийг энэ компани олчихоод байна. Ийм гэрэл гэгээ өөд явж байгаа компанийг шүүмжлээд үгүйсгээд байгаа хүмүүсийг ойлгоход хэцүү. Тэд ард түмнээ ядуу буурай амьдруулах сонирхолтой, тэгээд хэдүүлэхнээ баян цатгалан амьдрах гэсэн хүмүүс.
Монголын гурван сая иргэнийг төлөөлсөн, дэлхийд гарах том амбицтай, цэвэр бизнесийн “Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс одоо зоригтой ажилла. Монголын ард түмний эрх ашгийн төлөө шийдэмгий, ухаалаг, мэдрэмжтэй, санасан бодсоноо хий. Ингэж ажиллах цаг үе дээрээ ирсэн гэдгийг Монголын уул уурхайн шилдэг мэргэжилтнүүд, судлаачид хэлж, бичиж, зөвлөж байгаа юм шүү. Жингийн цувааг явдгаар нь л явуул...
Нийтлэлч: П. Хашчулуун