"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2015 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Ч.Сайханбилэг Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж мэдэгдэж байв. Ингэхдээ Монголын ард түмний өмч Тавантолгойг “Энержи Ресурс” буюу ММС-д үнэгүй шахуу өгөх гэж байсан.
Тухайн үед УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгойн ордыг ашиглах гэрээг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье” гэж байлаа.
Хэрэв Ч.Сайханбилэг Засгийн газрыг толгойлж байхдаа Тавантолгойг Кайманы арлын “ММС” компанид зарчихсан бол Монголын ард түмэн ноогдол ашиг хүртэх нь битгий хэл 1072 хувьцаагаа алдах байсан. Өнөөдөр Тавантолгойн нөөц зургаан тэрбум тонн биш, найман тэрбум тонн болох нь тогтоогдож, гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
“Эрдэнэс-Тавантолгой” компани 2018 он гарсаар 6,9 сая тонн нүүрс экспортлож, 953 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 216,5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах санхүүгийн суурь бүрдсэн юм.