Өчигдөр орой Сирийн Хмеймим агаарын баазын диспетчерууд Оросын Ил-20 онгоцны нисэх багийнхантай холбоо тасарчээ.
ОХУ-ын батлан хамгаалах яамны өгсөн мэдээллээр 9 дүгээр сарын 17-ны өдрийн 23.00 цагийн орчим холбоо тасарсан бөгөөд тус онгоц Хмеймим агаарын бааз руу буцах замдаа Сирийн эргээс 35 км зайд Газар дундын тэнгис дээгүүр явж байсан байна.
14 цэргийн алба хаагч бүхий онгоцыг эрэн хайх ажиллагаа Латакия боомт орчим үргэлжилж байна.
РИА Новости агентлагийн мэдээлснээр Ил-20 радараас алга болох мөч Латакия хотын объектуудыг пуужингаар харвах үетэй давхцсан аж. Израилийн нисэх хүчний 4 онгоц тэнгис талаас дайралт хийсэн гэж Сирийн тал мэдэгджээ. Сирийн мэдээллийн SANA агентлаг Оросын онгоцыг Израилийн нисэх хүчин унагасан байх магадлалтай хэмээн бичсэн байна.
CNN агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр Латакия хотын объект руу чиглэсэн Израилийн пуужинг сөнөөх гэж байгаад Сирийн зенит пуужингууд Оросын эргийн харуулын онгоцыг санамсаргүйгээр унагасан гэж АНУ-ын тал үзэж байна.
Израилийн тал болсон үйл явдлын талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй бөгөөд Израилийн нисэх хүчин Даваа гаргийн орой Сирид цохилт өгсөн мэдээлэл мөн адил тус улсын хэвлэлээр гарагүй байна.