Өмнөл Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгос дахь айлчлалаа эхлүүлэв
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Пхеньянд хүрэлцэн ирсэн БНСУын Ерөнхийлөгч Мүн Жэ Иныг онгоцноос буухад нь биечлэн угтаж авлаа. Хоёр Солонгосын тэргүүн нар гар барилцаж, тэврэлдэн уулзлаа гэж РИА Новости агентлаг дамжуулав.
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Жон Сукийг Хойд Солонгосын тэргүүн хатагтай Ли Соль Чу угтан мэндчилжээ. Үүний дараа хоёр Солонгосын тэргүүн нар улан хивс дээгүүр нисэх онгоцны буудлын зүг алхасан бөгөөд дээд хэмжээний зочинд зориулж салют буудсан байна.
“Үндэстнийхээ хамтын хүчээр энх тайван, хөгжил цэцэглэлтийн эрин үеийг эхлүүлэе” гэсэн уриа барьж жагссан үндэсний хувцастай эмэгтэйчүүд, европ костюмтай эрэгтэйчүүд Мүн Жэ Иныг мэндчилж байв. Пхеньян хотын оршин суугчид БНАСАУ-ын туг, нэгдсэн Солонгосын билэг тэмдэг болох цагаан дэвсгэр дээр хөх өнгөөр тодруулсан Солонгосын хойгийн дүрс бүхий тугийг гартаа барьсан байжээ. БНСУ-ын туг зөвхөн Сөүлээс эхний ээлжээр ирсэн багийн онгоцон дээр л байсан аж.
Энэхүү айлчлал нь Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Пхеньянд сүүлийн 11 жилд хийж буй анхны айлчлал билээ. Үүнээс өмнө 2007 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мүн Хён айлчилж байсан аж.