Хойд, Өмнөд Солонгосын удирдагчид есдүгээр сарын 18, 19-нд яриа хэлэлцээ хийнэ
Ирэх мягмар, лхагва гаригт БНСУ болон БНАСАУ-ын удирдагч нар хоёр талт яриа хэлэлцээ хийх ажээ. Энэ талаар даваа гаригт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөгч сэтгүүлчдэд өгсөн товч мэдээллийнхээ үеэр мэдээлснийг “ТАСС” агентлаг уламжлав.
Тэрээр "Мүн Жэ Ин, Ким Чен Ун нар мягмар, лхагва гаригт хоёр дахь удаагаа яриа хэлэлцээ хийнэ” хэмээн онцолжээ. Улмаар Мүн Жэ Ин есдүгээр сарын 18-нд орон нутгийн цагаар 10:00 цагт Сөүлийн онгоцоор Пхеньян руу ниснэ. Хоёр орны удирдагчдын уулзалт үдээс хойш болно" хэмээн нэмж хэлсэн байна.
Мүн Жэ Ин, Ким Чен Ун нарын удахгүй болох уулзалтын гол сэдэв Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай асуудал аж. Даваа гаригт энэ талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Им Чон Сок Сөүлд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.
Им Чон Сок "Саяхныг болтол цөмийн зэвсэглэлээс ангижруулах тухай асуудал нь Хойд Солонгос, АНУ-ын хооронд хийсэн яриа хэлэлцээний гол асуудал байсан бол өдгөө Солонгосын удирдагчдын яриа хэлэлцээний гол сэдэв болж байна" хэмээн тэмдэглэсэн байна.