Монгол бүсгүй Дэлхийн нарийн боов, шоколад, зайрмаг урлалын тэмцээнд түрүүлжээ
Австралийн Мельбурн хотноо болсон Дэлхийн нарийн боов, шоколад, зайрмаг урлалын анхан шатны тэмцээний шоколадны төрөлд монгол бүсгүй Ч.Бүжин түрүүлж, алтан медалийн эзэн болжээ. Тэрээр 35 кг жинтэй цэвэр шоколадаар байгаль эхийг бэлгэдсэн эмэгтэй хүний баримал бүхий бүтээл урласан байна.
Уг тэмцээнийг Австралийн Нарийн боов, шоколад, зайрмагны олон улсын холбоо болон “Euroquip” хоолны үйлчилгээний байгууллагаас зохион байгуулжээ. Тус тэмцээнд олон тогооч оролцохоор хүсэлтээ өгснөөс 21 хүнийг Австралийн Сиднейд шалгаруулж, эцсийн шатанд найман хүний бүтээлийг өрсөлдүүлжээ.
Б.Бүжин “Шоколадаар урласан уг баримлаараа байгаль эх биднийг хүүхэд шигээ хайрладаг учир бид ч мөн өсөж том болоод тэрхүү хайрыг буцаан өгч эх дэлхийгээ хайрлаж энэрэх ёстой гэсэн санааг илэрхийлсэн” гэж хэлжээ. Энэхүү бүтээлээ урлахад тэрбээр сар хагасын хугацаа зарцуулсан байна. Түүнд хамгийн их урам зориг, сэдэл өгсөн хүн нь түүний гурван настай хүү аж. Ч.Бүжин нарийн боовны мэргэжлээр Австрали улсад суралцаж төгссөн бөгөөд өмнө өөрийн хоббигоороо гурван жилийн турш бялуу, нарийн боов хийжээ.
Тэрбээр бүтээлийнхээ өнгөт деталиудыг какаоны тосыг хүнсний будагтай хольж гарган авсан аж. Мөн хоёр төрлийн шоколадны цуглуулга хийсний нэг нь чацаргана, макадамиа самар, ром дарстай бол нөгөөх нь ислэг интоор болон сарнайн дарсны орцтой юм байна. Тэрээр бүтээлээ хийхэд сар хагасын хугацаа зарцуулжээ.
Ч.Бүжин энэхүү тэмцээнд түрүүлснээрээ ирэх жилийн аравдугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Итали улсад болох Дэлхийн нарийн боов, шоколад, зайрмаг урлалын тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.