2019 онд дэлхийн зах зээлд зэсийн хомсдол үүснэ
Ирэх 2019 онд дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүсч, 2022 он гэхэд 400.000 орчим тоннд хүрч болзошгүй талаар Уралын Уул уурхай-металлургийн компаний ерөнхий захирлын орлогч Евгений Брагин танилцуулсан байна. Дараагийн таван жилд зэсийн хэрэгцээ жил тутам 415.000 тонноор өсч, 2022 он гэхэд нийт өсөлт нь 2,5 сая тонн болох аж. Брагин металлын хэрэглээг дэмжигч гол салбаруудаар барилга (2017-2022 онд өсөлт нь 15.3%), цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл (38.1%, голдуу сэргээгдэх эрчим хүч), автомашины үйлдвэрлэл (+27,79%, цахилгаан тээврийн хэрэгслийн хөгжлийн ачаар)-ийг нэрлэжээ. Мөн тэрээр түүхий эдийн боловсруулалт буурч, металлын хэрэгцээ өссөнөөр хомсдол үүснэ хэмээн тайлбарласан байна.
Зэс үйлдвэрлэгчид 2008 оны эдийн засгийн хямралын дараа, 2015 онд металлын үнэ уналтад орсонтой холбоотойгоор геологи хайгуулын ажилд хөрөнгө оруулахаас зайлсхийж, хүдэр дэх зэсийн агуулга багатай хуучин орд дээр ажиллахаас болгоомжилж байна” гэжээ.
Түүний бодлоор, нэг тонн металлын үнэ 11 мянган доллар (одоо 6563 доллар) хүртэл нэмэгдсэн тохиолдолд хөрөнгө оруулалтын шинэ мөчлөг эхлэх бөгөөд дэлхийн зах зээл дээр хомсдол ойролцоогоор нэг сая тонн байх нь. Дараа нь компаниуд зэсийн агууламж багатай хүдэр боловсруулах, шинэ ордод хөрөнгө оруулалт хийх боломжтой болно гэж тэрээр найдаж буй юм байна. Оросын зэсийн компани ч тийм байр суурьтай байгаа аж.
“Төрөл бүрийн хүдэр дэх зэсийн дундаж агууламж эдүгээ 0.3-5 хувийн хооронд хэлбэлзэж, аажмаар буурч байна. Ийм нөхцөлд зэсийн хүдэржилтийн эрэлт хэрэгцээг хангахын тулд хүдрээс металлыг гаргаж авах, нөөцийн баазыг тасралтгүй хөгжүүлэх хамгийн үр ашигтай технологийг нэвтрүүлэх хэрэгтэй" хэмээн тус компани цахим хуудастаа бичжээ.
Оросын хамгийн том, зэс үйлдвэрлэгч "Норильск Никель" 2018-2020 онд зэсийн үйлдвэрлэлийг 3-8 хувиар буюу 400-420 мянган тонн хүртэл нэмэгдүүлэхтэй төлөвлөгөөтэй байгаа аж.
Компанийн маркетингийн хэлтсийн захирал Антон Берлин “Норильск Никель”-ийн стратегийн танилцуулга хийхдээ 2018 онд зэсийн зах зээлийн алдагдал 100000 тн, 2018 онд үйлдвэрлэлийн өсөлт 2 хувиар буурна гэж таамаглаж байгаагаа дурджээ.
Түүний тооцоолсноор, 2025 он гэхэд дэлхийн зэсийн үйлдвэрлэл 25.9 сая тонн болох юм байна.
Бензин болон дизель хөдөлгүүрт автомашинаас илүүтэй гибрид машин, аккумлятор үйлдвэрлэлд 25-31 хувиар илүү зэс шаардагдах тул эрэлтийн гол хөдөлгөгч нь цахилгаан тээврийн хэрэгсэл болох аж.