Оросын үндэсний гвардийн дарга Виктор Золотов сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг халз тулаанд дуудав
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хамгаалалтын албаны дарга асан, Оросын үндэсний гвардийн дарга Виктор Золотов сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг ХАЛЗ ТУЛААНД дуудсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Виктор Золотов 6.53 минут үргэлжлэх видео бичлэгээ youtube сайт байршуулсан байна.
Навальный саяхан Оросын үндэсний гвардтай холбоотой хууль бус авлигын хэргүүдийг нийтэд мэдээлсэн юм. Мөн цэргүүдийг стандарт хангаагүй газар бэлтгэл сургуулилт хийж, хоол хүнс хэрэглэдэг хэмээсэн нь Золотовыг уурлуулжээ.
Тэрбээр Навальный дэлгэсэн материалуудыг ГҮТГЭЛЭГ гэж мэдэгдлийнхээ эхэнд цохон тэмдэглээд “Чи хүсвэл уулзах газраа ол. Би чамайг жүдогийн дэвжээ эсвэл хүссэн газартаа халз тулаанд дуудаж байна. Би чамайг хэдхэн хормын дотор чанартай шүүслэг махан таташ болгоно. Би бурхны өмнө амлаж байна. Чи худал ярьсныхаа шийтгэлийг амсах болно. Чиний гүтгэлэг намайг мохоож чадахгүй” гэж хатуухан мэдэгдэв.
Путины “толгойны өвчин” гэгддэг Навальный улстөрийн хууль бус ажиллагаа явуулсан хэргээр саатуулагдаад буй юм. Тэрбээр баригдахынхаа өмнө “Энэ бол улс төрийн зохион байгуулалттай. Тэд миний амийг энэ мэтээр хаахыг оролдож байна” гэж мэдэгджээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дээрх халз тулааны асуудлаар “Зөрчилдөөнийг зохицуулах учиртай. Золотовын видео бичлэг бие махбодийн хувьд аюул заналхийлэл учруулна гэж бодохгүй байна” хэмээн тайлбар өгчээ.