Бадархундага нуураас алт мөнгө хулгайлсан этгээдүүд баривчлагджээ
Отгонтэнгэр хайрхны ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий. Бадархундага нууранд хүмүүс өргөл, сэлт өргөдөг уламжлалтай билээ.
Гэтэл хоёр хоногийн өмнө Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханы өвөр бэлд орших Бадархундага нуураас хэдэн хүмүүс хулгай хийсэн хэрэг гарчээ. Тодруулбал, нутгийн гурван иргэнийг Бадархундага нууранд мөргөл хийхээр явж байхад нь үл таних гурван этгээд тус нуураас шуудайтай зүйлс үүрээд гараад иржээ. Улмаар нутгийн иргэдийг хараад сэжиг аван зугтаажээ. Тэднийг зугтаахад нутгийн иргэд араас нь хөөхөд нэг нь галт зэвсэг нээж иргэн О-гийн хүзүүг шархдуулсан байна. Тэд галт зэвсэг нээгээд зогсохгүй Бадархундага нуураас бууж тэдний автомашиныг унаж зугтаасан гэнэ.
Нутгийн иргэд яаралтай сум руугаа орж шархадсан нэгэндээ эмнэлгийн тусламж үзүүлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өчигдөр орой Отгонтэнгэр хайрханы ойр орчмыг нэгжиж сэжигтэнүүдийг баривчилжээ. Харин шархадсан иргэн Улаанбаатарт онгоцоор ирж эмчлүүлж байгаа аж.