Монголд нэг сувилагч 7 өвчтөн хариуцдаг нь эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанар хангалтгүй байгааг илтгэдэг
"Эрчимт эмчилгээнд тулгамдаж буй асуудлууд" сэдэвт чуулга уулзалт есдүгээр сарын 13-14-нд “Сүнжин гранд” зочид буудлын хурлын танхимд болно. Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэгээс зохион байгуулж буй уг арга хэмжээнд анагаахын салбарын 200 гаруй эмч, сувилагч оролцох юм байна.
Монгол Улсын хувьд амь тэнссэн үеийн анагаахын салбар, тухайлбал эрчимт эмчилгээний тусламж нь эмнэлгийн бусад мэргэжлүүдийн дотор харьцангуй залуу салбар юм. Тухайн салбарт хүний нөөц, сургалт, ажлын ачаалал, эрүүл мэндийн санхүүжилт, эмнэлгийн тусламжийн өртөг зардал зэрэг олон тулгамдсан асуудал тулгардаг.
Хүний нөөцийн хувьд тухайлбал Их Британи, Австрали зэрэг анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудад 2-р шатлалын буюу аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээнд нэг сувилагчид хоёр өвчтөн ногдох бол 3-р шатлал буюу төрөлжсөн нарийн мэргэжлийн төв болон төв эмнэлгийн эрчимт эмчилгээнд 1:1 гэсэн харьцаатай байдаг. Гэтэл Монгол Улсад хийгдсэн судалгаагаар нэг сувилагч дунджаар ээлжийнхээ хугацаанд долоо орчим эмчлүүлэгчийг хянаж, эмчилгээ үйлчилгээг хариуцаж хонодог нь эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанар хангалтгүй байгааг илтгэдэг.
Мөн олон улсад эмнэлгийн нийт орны 3-5 хувийг эрчимт эмчилгээний ор эзэлдэг бол Монголд энэ нь ердөө 1.7 хувь байдаг. Энэхүү байдал нь орны ачаалал их, хүлээгдэл үүсгэдэг бөгөөд биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай эмчлүүлэгчдэд тусламж цаг алдалгүй авч чадахгүй байх нөхцөл болдог гэж тухайн салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Цаашид энэхүү салбарыг хөгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгуулагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эмнэлгийн хангамж, хүний нөөцийн бодлогыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Дашрамд дурдахад "Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэг" төрийн бус байгууллага нь жил гаруйн өмнө байгуулагдсан бөгөөд Монгол Улсад эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн эмнэлгийн тусламжийг сайжруулахад чиглэсэн бүхий л үйл ажиллагааг дэмжин ажилладаг юм байна.