Ядарсан монголчуудын задарсан зуршил
Цаг барьдаггүй, хэлсэндээ хүрдэггүй гээд монгол хүний нийтлэг дүр төрх болсон муу зангаа засаж чадаагүй байхад монголчуудын задарсан зуршил нэгээр нэмэгдчихлээ. Өнгөрсөн долоо хоногт Facebook компанийн төлөөлөгч Монголд ажиллах үеэрээ бид тэдний бизнесийг хэрхэн дэмжиж буйг хараад баярласан нь гарцаагүй. Манай улсын хүн амын 81 хувь нь энэ сүлжээний хэрэглэгч. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу ялгаагүй үүгээр ажил, амьдралаа залгуулдаг болсон гэхэд хол зөрөхгүй.
Хүн амын тал нь амьдардаг нийслэлд гэхэд 85 хувь нь facebook-ийг идэвхтэй хэрэглэж байна. Албан газар, автобус, зоогийн газар, гудамж, сургууль гээд хаа сайгүй facebook ухсан хүмүүс. Ярьж буй сэдэв нь ч, шуугьж буй асуудал нь facebook байх жишээтэй. татварын мөнгөөр цалинждаг атлаа ажлынхаа ихэнх цагийг facebook-ээр “зугаалж” өнгөрөөдөг төрийн албан хаагчид ч ил, цагаандаа гарсан. Нэг их нийгмийн идэвхтэй хүн болж ажлын өдрүүдээр байнга пост оруулж суухдаа өөрийгөө муухай харагдаж байгаагаа ч анзаардаггүй.
Үүн дээр ажилдаа ирмэгц ёс юм шиг facebook рүүгээ шагайдаг хувийн байгууллагын ажилчдыг нэмбэл донтогчдын бүхэл бүтэн арми бий болжээ. Монголчууд ажиллаад л байдаг, хөдөлмөрлөөд л байдаг амьдрал, ахуй дээшлэхгүй нь гэж их гомдоллодог. Гэтэл үүний шалтгаан нь ажлынхаа заваар facebook-т орох биш, facebook-ийнхээ завсраар ажлаа хийж буйд байгаа юм биш биз? Монгол улсын эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.2 сая бол Facebook компанийн “ажилчид” үүнээс хоёр дахин их буюу 2.9 сая байна шүү дээ. Нийслэлийн хэмжээнд ид сурч боловсорч, хийж бүтээх 15-37 насныхны хэрэглээ 92-97 хувь буюу хамгийн өндөр гарсан. Тэдний 23 хувь нь хоёр цаг тутамд шалгадаг гэсэн судалгаа гарчээ. Өдөрт хоёр цагт нэг удаа буюу хамгийн багадаа зургаан удаа шалгадаг гэж тооцвол залуучуудын дөрөвний нэг нь донтсон гэсэн үг. Facebook-ийг олон цагаар, тогтмол ашигласнаар хүний тархинд допамин гэдэг донтуулдаг бодис ялгардаг байна. Энэ бодис хүний сэтгэл хөдлөлд нөлөөлж, түр хугацаанд тааламжтай мэдрэмж төрүүлдэг аж.
15-20 насныхны дунд facebook-ийн хэрэглээ 96 хувь байна
Дээрх судалгаанаас энгийн тооцоо хийж үзье. Өдөрт facebook-ээ хамгийн багадаа зургаан цаг шалгадаг, нэг удаад хамгийн багадаа 20 минут ашигладаг гэж тооцъё. Ингэвэл залуучууд өдөрт 120 минут, сард 3600 минут, жилд 43,200 минут буюу 720 цагийг facebook-т зарцуулдаг байх нь. Энэ нь жилд 30 өдөр буюу бүтэн нэг сарыг үр ашиггүй, хий дэмий өнгөрөөдөг гэсэн үг. Хамгийн багаар тооцоход шүү дээ. АНУ-ын интернэт сүлжээ, facebook-ийн дундаж хэрэглээтэй иргэн жилд 705 цагийг нийгмийн сүлжээнд зарцуулдаг гэсэн судалгаа бий. Америкчуудаас маш олон үзүүллэлтээр доогуур жагсдаг атлаа ийнхүү дэлгэцэнд донтох зуршлаараа л тэднийг давж буй нь тун харамсалтай. Дундаж Америк хүн минутад 200-400 үг уншдаг. Харин энгийн, уран зохиолын бус ном дунджаар 50 мянган үгтэй байдаг. Ингэж тооцвол 200 номыг 471 минутад уншина гэсэн үг. Хэрэв монголчуудын facebook хэрэглээг үүнтэй адил тооцож үзвэл facebook ухаж, цагаа үр ашиггүй өнгөрөөхийн оронд жилд 300 гаруй ном унших боломжтой. Ном уншихаа байг гэхэд энэ цагийг ядаж алхахад зориулвал дундаж наслалт эрс нэмэгдэх нь гарцаагүй. Монголчуудын нас баралтын шалтгааны нэгдүгээрт зүрх, судасны өвчин бичигдэж байгаа.
Хэрэв өдөрт хоёр цаг facebook ухаж суухаар явган алхаж хэвшвэл гэр бүл, цаашлаад улсын эдийн засагт хэчнээн тустай. Ер нь албан байгууллагад ажилчид нь facebook сүлжээнд өдөрт хэдэн цаг зарцуулдаг, ажил хийгээгүй энэ хугацаандаа хэчнээн төгрөгийн цалин зүгээр авч буйг тооцох юм бол багагүй хэмжээний хохирлыг улс амсдаг нь ойлгомжтой. Өдөрт хоёр цаг донтож байхаар ядаж үр хүүхдэдээ анхаарал тавьбал яасан юм бэ, facebook-чид ээ. Ажлаасаа ирээд утсаа ухдаг таныг дуурайн үр хүүхдүүд чинь донтож байна. Насаар нь ангилж үзвэл 15-20 насныхны дунд facebook-ийн хэрэглээ 96 хувьтай байна. Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэгийн түвшин эрс доошилсон гэдгийг багш нар хэлдэг. Хичээлээ хийхийн оронд нийгмийн сүлжээнд алт шиг цагаа хий дэмий үрж байгаа эсэхийг нь хянадаг эцэг, эх үнэндээ цөөн. харин ч хүүхдүүдтэйгээ уралдаад facebook-ийнхээ ажлыг хийдэг нь олон. Ер нь манайд донтогчдод нас, хүйс, ажил, нийгмийн салбарын ялгаа бараг алга. Тэтгэврийн хөгшчүүлийн дунд хүртэл facebook хэрэглээ 70 орчим хувьтай байна гээд бод доо. Facebook компани нэг л өдөр сүлжээгээ хаахад монголчуудын амьдралын хэв маяг, ажлын бүтээмж хэрхэн өөрчлөгдөх нь сонирхол татаж байна.
Уг нь facebook бол хүн төрөлхтний техник, технологийн дэвшлийн нэг хэсэг. Бидний амьдралыг ямар нэг хэмжээгээр хөнгөлдөг. Гэвч монголчууд аливаа зүйлийг хэрэглэхдээ мөн чанарыг нь биш, хэлбэрийг нь дуурайдаг нь гачлантай. Дэлхий нийтийн нийгмийн сүлжээний хэрэглээний хандлага сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж буй. Facebook-ийг зугаа цэнгэлийн гэхээсээ илүү арилжааны талбар гэж хардаг болсон. АНУ-ын хэрэглэгчдийн гуравны нэг нь тус нийгмийн сүлжээг бараа, бүтээгдэхүүн худалдаж авах, зарах платформ болгон ашиглаж байна. Харин монголчуудын олонх нь пост оруулах, чат бичих, кино үзэх зэргээр хэлбэр төдий ашигладаг. Тийм ч учраас энэ сүлжээний бараан талыг олж хардаггүй, амархан донтдог биз. Facebook-ийг зөв ашиглаж чаддаггүйгээс цахим гэмт хэргийн золиос болох нь нэмэгдсээр. 2017 онд цахим орчноор дамжуулан хүүхдийн эрхэд халдсан зөрчил 44 удаа бүртгэдсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар 200 давсан гээд бод. Нууц үгээ төрсөн өдөр, утасны дугаараар хийдэг, бага насны хүүхдэдээ ухаалаг утас авч өгдөг хэнэггүй зангийн гай шүү дээ. хүн амын гуравны нэг нь ядуу, далд ажилгүйдэл газар авсан, боловсролын салбараас нь чанар үнэртэхээ больсон ядарсан монголчууд энэ задарсан зуршлаасаа салах цаг хэзээ юм бол. Хөгжингүй орны иргэдэд атаархаж суухаар өөрсдийнхөө толгой дээрх өвсийг хар. Бусдад буруугаа чихэн гомдоллож байхаар гаднын технологийн компанийн “боол” болчихсон байгаагаа ухаараач.
Нийтлэгч: Б.Баярмаа