Монгол Улсад суугаа элч, төлөөлөгчид хөлбөмбөгийн ногоон талбайд өрсөлдлөө
Голомт банк болон Гадаад Харилцааны Яамнаас жил бүр зохион байгуулдаг Монгол Улс дахь Элчин Сайдын Яамд хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил уламжлал ёсоор Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар Ред Рок Ресорт амралтын газар боллоо.
Дэлхийн хүн амыг эв нэгдэлд байлдан дагуулдаг олимпийн наадмын дараа орох спорт бол яах аргагүй хөлбөмбөгийн спорт юм. Энэхүү тэмцээн нь Монгол улсад өөрийн улсаа төлөөлөн суух элчин сайдууд, дипломат төлөөлөгчид, ажилтан алба хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлж, албан бус найз нөхөрлөлийн холбоог бэхжүүлдэгээрээ ач холбогдолтой юм.
9 дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээн өнгөрөгч амралтын өдөр Монгол улсад өөрийн орныг төлөөлөн суугаа 14 элчин сайдын яамд болон НҮБ, Азийн хөгжлийн банк Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудын баг тамирчид мөн ГХЯ, Голомт банк зэрэг 18 багийн 250 тамирчдын ширүүхэн өрсөлдөөн дунд болсон юм.
Хөлбөмбөгийн ногоон талбайд хурд хүч, авъяас чадвараараа өрсөлдөгч баг тамирчдаа дэмжихээр ирсэн 650 гаруй хөгжөөн дэмжигчдийн уулга алдалт, халуун алга ташилтад өрсөлдөөн улам ширүүн явагдаж өндөрлөлөө.
Бүтэн өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээний Алтан цомын эздээр
Япон улсын ЭСЯ-ны баг тамирчид шалгарсан бол
Хоёрдугаар байрт ГХЯ-ны баг тамирчид
Гуравдугаар байрт Кувейт улсын ЭСЯ-ны баг тамирчид шалгарлаа.