Урьд нь Toyota-д ажиллаж байсан, эдүгээ "Fomm" старт-апп компанийг үндэслэгч хидео Цүрүмаки өвөрмөц цахилгаан автомашин бүтээхээр ажиллаж байна. Тэртээх 2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы зүүн эргийг дайрсан цунами түүнд шинэ санаа төрүүлсэн юм. Цунамид автсан хүмүүс машинтайгаа хамт живж байгааг өөрийн нүдээр харсан тэрбээр уснаа хөвөх чадвартай, ганц хүний зориулалттай цахилгаан машин бүтээхээр сэтгэл шулууджээ. Газар хөдлөлтөөс хойш жилийн дараа ноён Цүрүмаки старт-ап компаниа ердөө 1804 ам.долларын хөрөнгөтэй байгуулж, ажлаа эхлэв. Хөвдөг машины зураг төсөл түүний ганц өрөө байранд дан ганц хүний хүчээр бүтлээ. Дараагийн гурван жилд тэрбээр загварынхаа хөвөх чадвар, усан дахь жолоодлогыг ньсайжруулахад голлон анхаарчээ.
Эцэст нь усанд сэлүүрийн үүрэгтэй эргэлдэх турбин хийцэт дугуй, машиныг урагшлах хөдөлгөөнд оруулах үүрэгтэй усан буу бүхий загвар бэлэн боллоо. Улмаар 2016 онд хидео Цүрүмаки тайландын үл хөдлөх хөрөнгийн Trinex Assets компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж чадав. Гаднын хөрөнгө оруулалт түүнд туршилтын дөрөв дэх үеийн загвараа бүтээх боломж олгосон юм. Эдүгээ тэрбээр хөвдөг машиныхаа бөөний үйлдвэрлэлийг эхлэхэд бэлтгэж байна. Тайландын Бангкокоос холгүй орших түрээсийн үйлдвэрт энэ оны арванхоёрдугаар сараас угсралт эхэлнэ. Үйлдвэр эхний удаад 10 мянга орчим хөвдөг машин угсрахаар төлөвлөж байна. Одоогоор туршилтын загвар литий-ионы зай хураагуур, 12 морины хүчтэй цахилгаан мотортой. Машин нэг удаагийн цэнэгээр 160 хүртэлх километр зай туулж чадна. Цахилгаан машины үнэмлэхүй хурд 80 км/цаг.