Ухаарал...
Ухаарал бол аливаа юмс үзэгдлийн учир начрыг тунгаан бодох ойлгох ялангуяа буруугаа гэмших зөвийг эрхэмлэх хувь хүний чадвар юм. Ухаан суугаагүй байхад халуун зуух тогоотой будаа руу уначих вийдээ гэсэндээ аав ээж маань биднийг байнга хойш нь татаж чангааж санаа тавьж байдаг шиг ухаарал суугаагүй зөнөг биднийг харж хандаж явдаг хувь заяа сүнс сүлд хийморь итгэл үнэмшилийн Тэнгэр тань гал ус гамшиг зовлонд орчих вий дээ гэж аав ээж лугаа адил үргэлж араас үргэлж татаж чангааж хамгаалж явдгийг тэр бүр ухаардаггүй.
Гурав дөрвөн нас хүрээд ухаан суучихсан бидэнд аав ээж итгэж найдаад ашгүй гараас гарлаа гээд гаргуунд нь гаргаад эрх чөлөөтэй дураар нь дургуйлж эхэлдэг бол гуч дөч хүрсэн ч Тэнгэр заримдаа өдөр тутмын идэх талх татах тамхинаас хэтрүүлдэггүй зуурсаар байдаг нь харамласандаа бус харин ухаарал суугаагүй бидэнд хамаагүй юм өгч туйлуулаад хугацаанаас нь өмнө буйлуулчих вий гэж болгоомжлосондоо тэр.
Харин хар залуугаараа ухаарлыг олсон ФБ-ын үндэслэгч Марк Цукерберг мэтийн нөхдүүдийг яагаад ч үгүй байхад дураар нь тавьж юу хүссэнийг нь асгаруулна. Ядруухан оюутан байхдаа мань эр оюутны байрандаа дээш харан хэвтэн санаашран мөрөөдөх гэгээлэг хүслийг нь ёсоор болгосноор тэрээр одоо дэлхийд хөрөнгөөрөө айргийн тавд багтаж 76 тэрбум $ хөрөнгийнхөө 99 хувийг нь сайн үйлсийн төлөө зарцуулж эхлээд байна.
Миний авга ах Намсрайжав Наагаагийнх Баатар, Зоригоо гээд хоёр хүүтэй л дээ. Баатар бол томоотой ажилсаг гэгээлэг сайхан сэтгэлтэй зөв хүн. Харин Зоригоо бол их сахилгагүй хортой шартай бардам архи дарс ашиг хонжоо арилжаа наймаа мөрийтэй тоглоомд нугасгүй нэгэн байв. Хоёр хүүгээ Наагаа сэтгэлдээ хайрлахын дээдээр хайрлана, хамгийн бага ухаарал суугаагүй сахилгагүй Зоригоогоо бүүр ч их хайрлаж санаа зовно. Харин эрх мэдэл, эд хөрөнгөн дээрээ бол эсрэгээрээ Баатараа эрх чөлөөтэй дураар нь дургуйлна, харин Зоригоогоо хоногийн хоол, тамхины мөнгөнөөс хэтрүүлэхгүй нь харамласандаа биш хайрласандаа тэр. Баатар ч эцгийн буяныг додомдож тордож тойгдож, томруулж өсгөж үржүүлж арвижуулсаар амьдрал ахуй нь улам цэцэглэнэ. Харин Зоригоод эрх мэдэл эд хөрөнгө атгуулахын бол яахыг төрсөн эцгийн хувьд Наагаа мэдэхийн дээдээр мэднэ.
Гэвч Зоригоо яагаад гэдгийн цаад учрыг ойлгохын оронд, ахтайгаа байн байн барьцан, тэгвэл миний өмч хувийг тасдаж өг хэмээн эцгийгээ шалсаар байхад нь Наагаа арга буюу өмч хэмээн хот хонь, отор ухэр, азарга адуу тасдаж өгсөн ч хэдхэн жилийн дотор өнчин ишиг ч үгүй үрэн таран хийн, бас хэрэг төвөгт орооцолдон арай чүү ял мултран учир явдлаа тоочин буруугаа ойлгон эцгийн гэрийн бараа явган нүцгэн харахад хүүгээ эсэн мэнд ирсэнд төдийгүй хамгийн гол нь ухаарлыг олж зөв хүн болох зам нь нээгдсэнийг олж харсан авга маань загнаж зандрахын оронд хонь гаргаж найр хийж байхав. Төд их удалгуй төрсөн эцэг нь өөд болсон ч алдаагаа гэмшиж, амьдралыг ухаарсан Зоригоогийн дээрээс өнөөдөр адуу мал, авто машин, айл гэрийн аз жаргал гээд юу хүссэн бүхэн Тэнгэрийн бороо мэт асгарч байна.
Хүүхэд хэмээх дөрвөн хөлтэй мөлхөө тэнтэр тунтар гэсэн амьтны сайн муу юу хийх гээд байгааг алсын зайнаас гаднаас нь аав ээжүүд сайн харж мэдэж байдгийн адил хүн гэдэг тавхан мэдэрхүйтэй өчүүхэн амьтны ганцаараа ч гэсэн гаднаа зургаан мөчөөрөө сайн муу юу хийгээд хэлээд байгааг төдийгүй дотроо гэмшил гэгээрэл гэрэлтүүлж байна уу хорсол шунал хослуулж байна уу гэдгийг ч бидний Тэнгэр төдийгүй чөтгөр ч сайн мэдэж байдаг.
Бие /body/ бол биологийн аргаар эцэг эхээс мэндэлсэн Менделеевын 108 элементийн химийн бодисуудаас тогтсон 70 хувийн усан уусмал бөгөөд ухаан яаж удирдана түүнийг нь хийж гүйцэтгэдэг эд эрхтэнүүдээс бүрдэх бөгөөд нас барахад газар шороон доогуур ороод бордоо болоод л дуусдаг эд.
Ухаан /mind/ бол уураг тархин дахь бодисын электро-химийн урвалын үр дүнд үүсдэг биеийн салшгүй нэг хэсэг материаллаг зүйл бөгөөд эрдэмтэд ч өнөөдөр хиймэл ухааныг гарган авч байна.
Харин сэтгэл /soul/ гэж ухааныг байнга уруу татаж урвуулж шарвуулж будлиантуулж байдаг хаашаа ч хамаагүй холбирч мэдэх хайлсан тугалга шиг найдваргүй эд. Сэтгэл нь биеийн хүч гар хөл бүү хэл оюун ухаанд ч дарагдаж дийлдэггүй ялангуяа өнгө мөнгөнд бол байнга гэгэлзэж байдаг ад чөтгөрийн төрөлтэй сүнслэг зүйл учраас түүнийг зөвхөн өөрийн итгэл үнэмшилээрээ л хандыг нь хага дарж хайрцаганд нь оруулна.
Хүн болгоны итгэл үнэмшил /faith/ өөр өөр, зарим нь чонын шагайнд итгэнэ, зарим нь тэнгэрт байгаа аав ээж өвөг дээдсийнхээ сүнс сүлдэнд итгэнэ, уул усандаа итгэнэ, Бурхандаа итгэнэ, коммунизмд итгэнэ гэх зэрэг хувь хүний юунд итгэх эрхийг нь Үндсэн хуулинд төдийгүй газар тэнгэрт ч дархалж өгсөн байдаг.
Бие сэтгэлийн хойморт залардаг итгэл үнэмшил тун эмзэг тул та хүн бүрийн янз бүрийн итгэл үнэмшилд маш хүндэтгэлтэйгээр хандах нь бусдыг нэгдүгээрт тавих ухаарлын нэг илэрхийлэл төдийгүй та өмнөө тавьсан зорилгодоо ч саадгүй хүрэх нэг үндэс болдог. Хүний яндан хамрыг нь шөргөөсөн ч ямаан сахлаар нь оролдсон ч яах ч үгүй байхад яг зүрх сэтгэлд дэх итгэл үнэмшилээр нь оролдоод ирэхээр дүрс гээд босоод ирдэг зүйл учраас зүүний үзүүрт чимчигнэж зүрхний ховдолд ирвэгнэх эрх эрх эрхийн дээд итгэл үнэмшил л эмзэг шүү эрэгцүүлж бүү хөндөөрэй хэмээн захиж хэлэх байна. Итгэл үнэмшил хүнд Эрхийг сурахаар бэрхийг сур Эзэн хичээвэл заяа хичээнэ Аавын сургаал алт ээжийн сургаал эрдэнэ Бурхан бол агуу Чөтгөр бол аюул гэх зэргээр ухаан орохоос эхлээд л зүрх сэтгэлд хадагдах Үнэн үгээр бүрэлдэн тогтох бөгөөд итгэл хүчтэй бол бие сэтгэлийг хааш нь хөдөлгөхгүй хайрцаглаад зогсохгүй уулыг ч нураана гэсэн үг бий. Эцэст нь нэг шугаман дээр бие биенээсээ салшгүй хамааралтай орших Үнэн үг Хүчтэй итгэл Зөв сэтгэл Саруул ухаан Эрүүл биеэр хүн төлөвшин ухааралд хүрэхэд ирээдүй таны гарт өөрөө л ороод ирнэ.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт