Бактерийн эсрэг саван хүний биеийн дархлааг хамгаалдаг ашигтай бактериудыг устгадаг
Хүмүүс бактерийн эсрэг саванг өдөр тутмын амьдралдаа эрүүл мэндээ сахих үүднээс хэрэглэдэг. Харин уг бүтээгдэхүүн нь эсрэгээрээ хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй байдаг тухай төдийлэн сайн мэдэхгүй болов уу. АНУ-д бактерийн эсрэг саван реклам сурталчилгаа шигээ ашиг тустай юу гэдгийг 2013 оноос эхлэн судалж 2016 онд есдүгээр сарын 2-ны өдөр хориглох шийдвэрийг Хоол хүнс ба Эмийн Захиргаанаас /The Food and Drug Administration/ гаргажээ. Учир нь бактерийн эсрэг саванг үйлдвэрлэхийн тулд триклосан /triclosan/ гэх химийн бодис ашигладаг нь тогтоогдсон байна.
Энэхүү судалгааг Мичиганы Их Сургуулийн /University of Michigan/ эрдэмтэд 2014 онд хийсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн зарим нь жирийн саван хэрэглэж хүйтэн усаар 40 сек угаах, мөн 61,5 хувийн спирт агуулсан савангаар 20 сек угаах, зарим нь 70 хувийн спирт агуулсан бактерийн эсрэг шингэнээр 20 сек орчим угаах, үлдсэн хэсэг нь юу ч хэрэглэхгүй цэвэр усаар гараа угаасан байна. Шинжилгээгээр бактерийн эсрэг саван энгийн савангаас илүү үйлчлэл үзүүлэхгүй хүний биеийн дархлааг хамгаалдаг ашигтай бактериудыг устгадаг гэдгийг тогтоожээ. Харин ч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж зөвөлжээ. Учир нь, хүмүүс бие дэх бактериа ийм байдлаар устгаад байвал тэд илүү амь бөхтэй болж, ердийн бактери устгагчид ч дийлдэхгүй болох аюултай аж. Өөрөөр хэлбэл хүний бие махбодь антибиотикт тэсвэртэй болж 2050 он гэхэд энгийн жижиг шалбархай ч эдгэлгүй, халдварын улмаас нас барахад хүргэж болзошгүй гэжээ.
Гэтэл манай улсад жил бүрийн намар улсын цэцэрлэгүүд эцэг, эхчүүдээс бактерийн эсрэг саван авахыг шаарддаг. Бактерийн эсрэг саванг АНУ-аас гадна Канад болон Европийн зарим орнуудад хэрэглэхийг хориглосон байдаг. Бактерийн эсрэг савангийн сөрөг үр дагаварын талаар Эрүүл мэндийн яам, мэргэжлийн хяналт, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс асуухад ямар ч мэдээлэл байхгүй, судалгаа шинжилгээний ажил хийгдээгүй, манай орон шиг эрс тэс уур амьсгалтай оронд бактерийн эсрэг саван хэрэглэх нь зөв гэх хариултыг өгч байсан юм.
Триклосан /triclosan/ гэх химийн бодисыг хүн төрөлхтөн 40 жилийн турш хэрэглэж байгаа. Харин сүүлийн 10 жилд шүдний оо, гар ариутгагч, нянгийн эсрэг саванд түлхүү ашиглагддаг болсон. Үүнээс гадна эрчүүдийн сахлын ус, дидезрантны найрлаганд энэхүү хорт бодис ордог байна. Ийм төрлийн бодис орсон бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд элэгний хорт хавдар, цаашлаад дааврын ялгаруулалтад нөлөөлснөөр таргалалт үүсдэг байна. Мөн дотоод шүүрлийн системийг доголдуулах болон зүрх, их биеийн булчингийн үйл ажиллагааг доройтуулдаг болохыг илрүүлсэн байна.